Хятад гадаад дахь иргэдээ хянах сүлжээгээ 91 оронд өргөжүүлсэн гэж хүний эрхийн байгууллага мэдээлжээ
Гадаад дахь хятад цагдаагийн цэгүүд илчлэгдсэнээс хойш тэдгээр нь тэмдгээ авч хаясан ч хяналтын үүрэг нь хэвээр байгаа аж.

Хүний эрхийн Сэйфгард Дифендерс байгууллага Хятад улс цагдаа, шүүх, прокурорын байгууллагаараа дамжуулан хяналтын сүлжээгээ дэлхий даяар өргөжүүлж байна гэсэн шинэ тайланг 11 дүгээр сарын 6-нд нийтэлснийг Чөлөөт Азийн радио мэдээлжээ.
Хэлмэгдүүлэлтийн томьёо гэсэн нэртэй тайланд Хятадын таван мужийн арав гаруй цагдаагийн анги Хятадын Коммунист намын гадаад дахь ажилтнуудаас бүрдсэн дэлхийн сүлжээнд оролцож байгааг дурджээ. Энэ сүлжээ Бүх Хятадын эх орондоо буцсан хятадуудын холбооны тогтоосон холбоо барих цэгүүдээр дамжуулан ажилладаг аж.
Тайланд дурдсанаар Хятад дотоодын сүлжээчилсэн засаглалын туршлагаа гадаадад хэрэглэж, томоохон нийгэмлэг, тэдгээрийн удирдагчид, гадаад дахь намын гишүүд, цагдаатай холбогч хүмүүсийг зангилаа болгон ашиглаж байна.
Намын Нэгдсэн фронтын хэлтэс хууль хүчний байгууллагуудыг удирдан 91 орны 1247 албан ёсны холбоо барих цэгээр дамжуулан гадаад дахь хятадуудыг хянаж байгаа бөгөөд энэ нь «мөсөн уулын орой» төдий гэж тайланд онцолжээ.
Байгууллагын үзэж байгаагаар эдгээр цэг бүр бусад улсын бүрэн эрхэд халдаж, үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна.
Европ, Америк, Азийн 26 орны 54 хууль тогтоогч Хятадын гадаад дахь хөндлөнгийн оролцоо, улс дамнасан хэлмэгдүүлэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан. Тайланг Нидерландын Гааг хотод болсон Хятадын бодлогын парламент хоорондын холбооны жил бүрийн чуулганы үеэр танилцуулжээ.

