Хятадын хувийн компанийн Церес-2 пуужин дөрвөн хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хүргэжээ
Церес-2 пуужингийн хоёр дахь нислэг амжилттай болж, далай, цаг агаар, газрын баялгийг ажиглах хиймэл дагуулуудыг тойрог замд гаргажээ.
Хятадын хувийн Галактик Энержи компанийн Церес-2 зөөгч пуужин Бээжингийн цагаар 11 дүгээр сарын 7-ны 7 цаг 37 минутад Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, дөрвөн хиймэл дагуулыг төлөвлөсөн тойрог замд нь хүргэснийг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Церес-2 нь Церес цувралын сайжруулсан хувилбар бөгөөд тус компани үүнийг арилжааны хөөргөлтийн зах зээлд зориулж бүтээсэн дунд оврын зөөгч пуужин юм. Гурван шат нь хатуу түлшээр, дээд шат нь шингэн түлшээр ажилладаг уг пуужин 100 орчим тонн жинтэй хөөрч, 500 километрийн нартай синхрон тойрог замд 1,3 тонн ачаа гаргах чадалтай.
Энэ төрлийн пуужингийн анхны нислэг 2026 оны 1 дүгээр сард бүтэлгүйтэж байсан. Энэ удаагийнх нь хоёр дахь нислэг юм.
Хөөргөсөн хиймэл дагуулуудын нэг болох Гуанлань туршилтын хиймэл дагуул дэлхийн далайн түвшнийг өдөр шөнө, ямар ч цаг агаарт тогтмол ажиглана. Юньяо-1 цувралын 28 дахь хиймэл дагуул нь агаар мандлын температур, чийгшил, даралт, далайн гадаргын салхины хурд, хөрсний чийг зэрэг мэдээллийг цуглуулах арилжааны цаг уурын хиймэл дагуул ажээ.
Ашигт малтмалын нөөцийг хянаж, геологийн гамшгаас сэрэмжлүүлэх чадалтай Жунбэй их сургуулийн нэгдүгээр хиймэл дагуул нь Шаньси мужийн их, дээд сургуулиудын бие даан бүтээсэн анхны ухаалаг хиймэл дагуул юм.
Цзюньтянь-1 06А хиймэл дагуулыг сансрын нөхцөл байдлыг ажиглах, сансар дахь биетүүдийг хянах, хиймэл оюун ухааны тооцоолол зэрэг шинэ технологийн найдвартай байдлыг туршихад ашиглана.
