Хонконгийн шүүх сэтгүүлчдийн холбооны дарга асан Ронсон Чанд эцсийн шатны шүүхэд гомдол гаргахыг зөвшөөрөөгүй байна
Чан Эцсийн шатны давж заалдах шүүхийн хороонд шууд хандах боломжтой хэвээр байна.

Хонконгийн шүүх цагдаад саад учруулсан хэргээр таван хоног хоригдсон Хонконгийн Сэтгүүлчдийн холбооны дарга асан Ронсон Чаны ялын эсрэг эцсийн шатны гомдол гаргах хүсэлтийг хүлээж аваагүйг Хонконг Фри Пресс сайт мэдээлжээ.
Дээд шүүхийн орлогч шүүгч Лили Вонг Баасан гарагт Чанд Эцсийн шатны давж заалдах шүүхэд хандах гэрчилгээ олгохоос татгалзжээ.
Чан 2022 оны 9 дүгээр сард Монкок дүүрэгт орон сууцны эздийн хорооны хурлыг сурвалжилж байхдаа энгийн хувцастай цагдаад иргэний үнэмлэхээ үзүүлэхээс татгалзсан хэргээр 2023 оны 9 дүгээр сард ял сонсжээ.
Чаны өмгөөлөгч хууль цагдаад иргэний үнэмлэх шаардах бие даасан эрх олгодог эсэх нь ерөнхий ач холбогдолтой асуудал гэж маргасан. Харин шүүгч хууль цагдаад хүнийг зогсоож, иргэний үнэмлэх шаардах эрхийг тодорхой олгосон гэж дүгнэжээ.
Чан 2021-2024 онд тус холбооны даргаар ажилласан юм. Тэрбээр 5 дугаар сард давж заалдах шатанд ялагдаж, таван хоногийн хорих ялаа эдэлсэн бөгөөд Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага түүнийг шоронд хорьсонд уурлаж буйгаа илэрхийлж байжээ.
