Дэлхий

Хятад, Хойд Солонгосыг холбосон Ялу мөрний шинэ гүүр арван хоёр жилийн дараа ашиглалтад оржээ

Пхеньян Хятадаас эдийн засгийн хувьд хэт хамааралтай болохоос болгоомжилсон нь гүүрийг удаан хугацаанд ашиглахгүй байх шалтгаан болсон гэж Францын сонин үзжээ.

RFI (хятад хэл)2 мин унших

Зураг: RFI (хятад хэл)

Хятадын Ляонин мужийн Даньдун хотыг Хойд Солонгосын Шинүйжү хоттой холбосон Ялу мөрний шинэ гүүрийг 2014 онд барьж дуусгасан ч арван хоёр жилийн дараа буюу саяхан ашиглалтад оруулжээ. Энэ тухай Эр Эф Ай радиогийн хятад хэлний алба Францын Монд сониныг иш татан мэдээлэв.

Хятад гүүрийг хилийн дээгүүр эрт барьж дуусгасан ч Хойд Солонгос өөрийн талд Шинүйжү, Пхеньян руу явах замын сүлжээнд холбох сүүлийн хэсгийн зам болон гаалийн шалган нэвтрүүлэх цэгээ барихгүй удсан тул гүүрийг хаашаа ч хүргэдэггүй гүүр гэж нэрлэдэг байжээ.

10 дугаар сарын 15-нд анхны ачааны машинууд гүүрээр гарсан бол 10 дугаар сарын 24-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын өөрөө газар дээр нь очиж, хилийн нөгөө талд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Хүнинтэй уулзжээ.

Хятад, Хойд Солонгос 1400 орчим километр хилтэй бөгөөд Хятад бол Хойд Солонгосын хамгийн чухал худалдааны түнш юм. Хятад 2009 онд шинэ гүүр барих санал гаргаж, 2010 онд ажлаа эхлүүлэн 2014 онд дуусгажээ. Дөрвөн эгнээтэй гүүрийн хөрөнгө оруулалт бараг 300 сая евро болсон байна.

Сонины үзэж байгаагаар Хойд Солонгос шинэ гүүр ашиглалтад орвол Хятадын бараа их хэмжээгээр орж ирж, Хятадаас эдийн засгийн хараат байдал улам нэмэгдэх вий гэж болгоомжилж байжээ. 2019 оны 6 дугаар сард Си Жиньпин Пхеньянд айлчилсны дараа Хойд Солонгос ажлаа эхлүүлсэн ч ковидын цар тахлаас болж дахин зогссон юм.

Украины дайн эхэлсний дараа Хойд Солонгос Оростой ойртсоор байхад Бээжин Пхеньяны Москватай харилцааг цаашид өргөжүүлэхийг зөвшөөрч болохгүй гэж үзжээ. Ким Чен Ын 2025 оны 9 дүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойн арга хэмжээнд Бээжинд уригдсаны дараа хоёр тал харилцаагаа сайжруулсаар, гүүр 2026 оны 10 дугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад орсон байна.

Үүнтэй бараг зэрэгцэн Хойд Солонгос, Орос хоёр 2026 оны 9 дүгээр сард хоёр орныг холбосон шинэ авто замын гүүрийг ашиглалтад оруулсан бөгөөд барилгын ажил эхэлснээс хойш ердөө жил хагасын дотор дуусгажээ.

Бусад мэдээ