Хятадын «Ляонин» хөлгийн бүлэг болон олон хөлөг онгоц Тайванийн зүүн хэсгийн тэнгист үйл ажиллагаа явуулж байна
Хятадын Батлан хамгаалах яам «Ляонин» хөлгийн сургуулилтыг аль нэг улсыг онилоогүй, жил бүрийн ердийн сургуулилт гэж тайлбарлажээ.

АНУ, Япон «Илдний ир-27» сургуулиа хийсний дараа «Ляонин» нисэх онгоц тээгч хөлгийн бүрэлдэхүүн зэрэг Хятадын 50 гаруй тэнгисийн цэргийн, эргийн хамгаалалтын болон бусад хөлөг онгоц Тайванийн зүүн хэсгийн тэнгист үйл ажиллагаа явуулж, Японоос Тайвань, Филиппин хүртэлх анхдугаар арлын гинжин хэлхээнд заналхийлж байгаа нь илэрхий байна гэж Тайванийн албаны хүмүүс мэдэгджээ. Тайвань өндөр сонор сэрэмжтэй байгаа юм. Америкийн нэгэн судалгааны төв Ардын чөлөөлөх арми ирээдүйн мөргөлдөөнд Тайвань эсвэл Филиппинийг тусгаарлан арлын гинжин хэлхээг давах ажиллагааг дадлагажуулж байж магадгүй гэж үзжээ. Энэ тухай Америкийн дуу хоолой радиогийн хятад хэлний алба мэдээлэв.
Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга У Жаошье лхагва гарагт (10 дугаар сарын 28) Икс сүлжээнд Ардын чөлөөлөх арми «Ляонин» хөлгийн цохилтын бүлэг зэрэг хөлөг онгоцоо анхдугаар арлын гинжин хэлхээний зүүн хэсгийн тэнгист сургуулилтад илгээсэн гэж бичжээ. «Бид тэдний үйл ажиллагааг сонор сэрэмжтэй ажиглаж байна. Эдгээр үйл ажиллагаа Тайвань, Япон, Филиппинд нэгэн зэрэг заналхийлж байгаа нь илэрхий» гэж тэрбээр бичсэн байна.
Нийтлэлд хавсаргасан газрын зурагт Ардын чөлөөлөх армийн Зүүн, Хойд, Өмнөд байлдааны бүсийн хөлөг онгоцны бүрэлдэхүүн, «Ляонин» хөлгийн цохилтын бүлэг, Хятадын эргийн хамгаалалт, тэнгисийн тээврийн газар, эрдэм шинжилгээний хөлөг онгоцууд зэрэг Японы өмнөд хэсгээс Тайванийн хойд, зүүн, баруун өмнөд хэсэг, Филиппиний зүүн, баруун тэнгис хүртэл нийт 53 хөлөг онгоц байрлаж байгааг харуулсан бөгөөд үүний 34 нь байлдааны хөлөг юм.
Тайванийн Батлан хамгаалахын сайд Гү Лишюн мөн өдөр хууль тогтоох байгууллагад сэтгүүлчдэд ярихдаа Тайвань холбоотнуудтайгаа тагнуулын мэдээлэл солилцож, «Ляонин» болон Хятадын бусад хөлөг онгоцны хөдөлгөөнийг бүрэн хянаж байгаа гэжээ.
«Бид мэдээж «Ляонин» болон бусад флот, тэр байтугай албан хэргийн хөлөг, эргийн хамгаалалтын хөлөг онгоцны холбогдох хөдөлгөөнийг бүрэн хянаж байна. Бид хамтарсан тагнуул, хяналт, тандалтын арга хэрэгслээр төдийгүй найрсаг холбоотнуудтайгаа тагнуулын мэдээлэл солилцож, урьдчилан мэдэж байсан. Хятадын армийн байлдааны хөлөг онгоцууд эдгээр бүсэд саатуулан зогсоох санаа зорилгоо харуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд нөлөөлөхийг бид харахыг хүсэхгүй байна» гэж тэрбээр хэлжээ.
Японы Өөрийгөө хамгаалах хүчин АНУ, Японы хоёр жил тутам хийдэг хамтарсан «Илдний ир» сургуулийн өмнө «Ляонин» хөлөг болон түүний цохилтын бүлгийн мөрийг илрүүлжээ.
10 дугаар сарын 14-нд Хятадын байлдааны онгоцууд «Ляонин» хөлгөөс хөөрч, Тайванийн ойролцоох Исигаки арлаас өмнө зүгт 250 орчим километрийн зайд нисэхэд Япон сөнөөгч онгоцоо яаралтай хөөргөн саатуулжээ. Японы байлдааны хөлөг онгоц, эргүүлийн онгоцууд Окинава, Миякожима арлын хооронд Номхон далай руу орж ирсэн Хятадын нисэх онгоц тээгч хөлгийн бүрэлдэхүүнийг мөн ажиглажээ.
Америкийн Дайн судлалын хүрээлэн, Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэн хамтран гаргадаг «Хятад, Тайванийн шинэчилсэн мэдээ» сэтгүүл мягмар гарагт «БНХАУ-ын цэргийн албадлага» нэртэй нийтлэлдээ «Илдний ир» сургуулийн үеэр «Ляонин» хөлгийн цохилтын бүлгийн хөдөлсөн замын зургийг нийтэлжээ.
Замын зурагт 10 дугаар сарын 15-нд Японы Өөрийгөө хамгаалах хүчин «Ляонин» хөлгийг Лусоны хоолойгоос Өмнөд Хятадын тэнгис рүү явж байхад илрүүлснээс эхлээд 10 дугаар сарын 27-ны хиймэл дагуулын зурагт «Ляонин» болон цохилтын бүлэг Лусон арлын зүүн эргээс 500 километрийн зайд зүүн өмнө зүг рүү явж байгаа хүртэлх мөрийг харуулжээ. Энэ хугацаанд 10 дугаар сарын 22-нд «Ляонин» хөлгийн цохилтын бүлгийг Филиппиний баруун өмнөд хэсгийн Басилан хоолойн хойд хэсэгт илрүүлсэн бол Филиппиний зэвсэгт хүчин бүлэг 10 дугаар сарын 26-нд Басилан хоолойгоор дамжин зүүн тийш Филиппиний тэнгис рүү явсныг баталжээ.
«„Ляонин“ Басилан хоолойгоор дамжин өнгөрсөн нь ер бусын бөгөөд Филиппиний тэнгис дэх байршил нь Филиппинийг айлган сүрдүүлэх БНХАУ-ын илүү өргөн хүрээтэй оролдлогын нэг хэсэг байж магадгүй» гэж нийтлэлд дурджээ. Нийтлэлийн үзэж байгаагаар Хятад Өмнөд Хятадын тэнгисийн бүрэн эрхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь төлөө Манилад үнэ төлүүлэхийн тулд Филиппинд цэргийн дарамтаа нэмэгдүүлж байж болох бөгөөд Ардын чөлөөлөх арми ирээдүйн мөргөлдөөнд Филиппинийг тусгаарлах чухал ажиллагааг дадлагажуулж байж магадгүй юм.
Нийтлэлд «Ляонин» хөлгийн хөдөлгөөн нь «Номхон далай руу гарах анхдугаар арлын гинжин хэлхээг давах ажиллагааг загварчилж» байж магадгүй бөгөөд «Ляонин» болзошгүй мөргөлдөөнд Филиппин эсвэл Тайванийг тусгаарлах ажиллагааг дадлагажуулж байж болохыг дурджээ.
Нийтлэлд дурдсанаар «Ляонин» болон түүнийг дагалдах хөлөг онгоцууд чухал хүч бөгөөд 055 загварын пуужингийн хөлөг нь Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хамгийн дээд зэрэглэлийн усан дээрх байлдааны хөлөг юм. «Ляонин» хөлгийн бүрэлдэхүүнд Хятадын 055 загварын 10 байлдааны хөлгийн 2 нь багтсан бөгөөд бүс нутгийн агаарын довтолгооноос хамгаалах, усан дээрх байны эсрэг тулалдах хүчтэй чадвартай.
«Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчин энэ хүч эсвэл ижил төстэй бүрэлдэхүүнийг ашиглан Номхон далайтай холбосон нарийн замыг хааж, Өмнөд Хятадын тэнгисийг тусгаарлаж болно. БНХАУ мөн мөргөлдөөний үед Басилан хоолой зэрэг Филиппиний эргэн тойрон дахь янз бүрийн усан замыг ашиглан анхдугаар арлын гинжин хэлхээг тойрч болно. Ингэснээр Хятадын тэнгисийн цэргийн хүчин Тайвань, Филиппиний хоорондох Лусоны хоолойгоос зайлсхийх боломжтой болно» гэж нийтлэлд бичжээ.
«Тайванийн хөлөг онгоцны эсрэг байлдааны чадвар Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчийг анхдугаар арлын гинжин хэлхээний дотор хязгаарлахад ашиглагдаж болох бөгөөд энэ нь яг БНХАУ-ын зайлсхийхийг хичээж буй зүйл юм» гэж нийтлэлд дурдаад, Басилан хоолой эсвэл Филиппиний эргэн тойрон дахь бусад усан замыг хянавал Хятадын тэнгисийн цэргийн хүчин мөргөлдөөний үед Тайванийг илүү үр дүнтэй тусгаарлах боломжтой гэжээ. Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойд мөргөлдөөн гарвал ийм ажиллагаа явуулахын тулд чухал усан замд тэнгисийн цэргийн хүчээ байнга байршуулахыг эрмэлзэж магадгүй аж.
«Ляонин» болон Хятадын бусад байлдааны хөлгийн хөдөлгөөний талаар Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жан Шяоган пүрэв гарагт сар бүрийн хэвлэлийн бага хурал дээр «Ляонин» нисэх онгоц тээгч хөлгийн бүрэлдэхүүн Номхон далайн баруун хэсгийн холбогдох тэнгист сургуулилт хийж байгаа нь Хятадын армийн жил бүрийн ердийн сургуулилт бөгөөд «нисэх онгоц тээгч хөлгийн бүрэлдэхүүний алс далай дахь бодит байлдааны чадварыг шалгах, дээшлүүлэх зорилготой» бөгөөд аль нэг улс, байг онилоогүй, олон улсын эрх зүй, олон улсын практикт нийцэж байгаа гэжээ.
Хятад Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж, хүчээр нэгтгэх боломжоос хэзээ ч татгалзаагүй бөгөөд 2022 оноос эхлэн Тайваньд эргийн хамгаалалтаар дамжуулан далайн дарамтаа тасралтгүй нэмэгдүүлж байна. Тайванийн эргэн тойрны усан дахь Хятадын байлдааны хөлөг, эргийн хамгаалалт, эрдэм шинжилгээний болон албан хэргийн хөлөг онгоцны халдлага ч улам бүр нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятад дарамтаа гэнэт хурцатгаж, Тайванийн Эргийн хамгаалалтын газар Тайванийн эргэн тойрон болон алслагдсан арлууд дахь Хятадын хөлөг онгоцны үйл ажиллагааны «тоо ер бусын нэмэгдсэн» болохыг илрүүлжээ. Хятадын эргийн хамгаалалт, эрдэм шинжилгээний болон загас агнуурын 16 хөлөг онгоцны бүрэлдэхүүн Тайванийн зүүн, өмнөд, баруун өмнөд хэсгийн далай болон Пратас арлуудын ойролцоо нэгэн зэрэг гарч ирсэн бөгөөд Тайвань үүнийг «олон цэгт нэгэн зэрэг» явуулж буй холимог дайн гэж нэрлэжээ. Тайбэй Бээжинг «хууль сахиулах нэрийдлээр эрх мэдлээ тэлэх» аргаар Тайванийн хоолой дахь статус квог нэг талын журмаар өөрчилж, Тайваньд харьяаллын эрхтэй мэт хуурмаг дүр төрх бий болгохыг оролдож байна гэж буруушаажээ.
Жан Шяоган хэвлэлийн бага хурал дээр энэ асуудлаар хариулахдаа Тайвань бол Хятадын нэг хэсэг бөгөөд Хятадын холбогдох байгууллагууд Тайванийн зүүн хэсэг дэх «Хятадын харьяаллын тэнгист» ердийн үйл ажиллагаа явуулж байгаа нь бүрэн зөв, хууль ёсны бөгөөд шүүмжлэх зүйлгүй гэжээ.
Мөн АНУ-ын армийн Номхон далайн командлагч, генерал Рональд Кларк мягмар гарагт Хавайд болсон хурал дээр Ардын чөлөөлөх арми 2027 онд Тайвань руу хүчээр довтлох чадвартай болж магадгүй гэсэн «Дэвидсоны цонх»-ны аюул хэвээр байгаа бөгөөд АНУ-ын арми Энэтхэг-Номхон далайн бүсэд гарч болзошгүй дайнд бэлэн болсон гэж мэдэгдсэний талаар Тайванийн Батлан хамгаалахын сайд Гү Лишюн пүрэв гарагт Бээжингийн эрх баригчид Тайванийг хүчээр «нэгтгэх» санаа зорилгоосоо хэзээ ч татгалзаагүй, Тайванийн арми байлдааны бэлэн байдлаа хангана гэжээ. Жан Шяоган харин «Тайванийн асуудлыг хэзээ, ямар аргаар шийдэх нь бүхэлдээ Хятадын ард түмний өөрсдийн хэрэг бөгөөд гадны хүчинд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй» гэж мэдэгджээ.



