Хятад мянган километрийн хөндий цөмт шилэн кабелиар дохиог 3.43 миллисекундэд дамжуулжээ
Хөндий цөмт шилэн кабель хиймэл оюуны дата төвүүдийн хоорондох тооцооллын сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятад мянган километрийн хөндий цөмт шилэн кабелиар хоёр чиглэлд бодит цагийн дамжуулалтыг дэлхийд анх удаа туршиж баталгаажуулсныг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Туршилтаар 1007.48 километр урт шугамаар хоёр чиглэлд тус бүр секундэд 64 терабит дохиог зэрэг дамжуулж, мянган километрт нэг чиглэлд дохио ердөө 3.43 миллисекундэд хүрчээ. Энэ нь секундэд 160 ширхэг 4К киног зэрэг байршуулж, татахтай тэнцэнэ.
Технологи нь одоогийн хамгийн сайн цул цөмт шилэн кабелиас хоёр дахин их дамжуулах чадвартай, дамжуулах зай нь 60 хувиар их. Ижил төстэй туршилтуудаас 50 дахин хол зайд дамжуулсан байна.
Чайна Телекомын ахлах мэргэжилтэн Хуо Сяоли уламжлалт цул цөмт шилэн кабелиас ялгаатай нь хөндий цөмт кабель дохиог хийн орчинд дамжуулдаг тул хоцролтыг 30 хувиар бууруулж чадна гэж тайлбарлажээ.
Ючанфу шилэн кабелийн компанийн ерөнхий эрдэмтэн Ван Жуйчуний хэлснээр, гэрэл кварцын шилэнд секундэд 200 мянга орчим километр, харин агаарт вакуумтай ойролцоо буюу секундэд 300 мянга орчим километр хурдтай тархдаг.
Энэ технологийг Шэньжэнь, Хонконгийн хооронд дэлхийн анхны хил дамнасан арилжааны хөндий цөмт санхүүгийн шугамд аль хэдийн ашиглаж байгаа бөгөөд Ази, Европ зэрэг бүс нутагт 10 гаруй арилжааны болон туршилтын төсөл хэрэгжиж байна.



