Хятад төмрийн хүдрийн зах зээлд зохиомлоор нөлөөлж байгаад Австрали санаа зовж байна
Төмрийн хүдрийн экспорт ирэх жил 10 хувиар буурах төлөвтэй байгаа энэ үед Хятадын ашигт малтмалын нөөцийн групп Австралийн хүдрийн борлуулалтыг саатуулахыг оролдсон гэж Австралийн Эрдэс баялгийн сайд мэдэгдлээ.
Хятад төмрийн хүдрийн худалдаанд зохиомлоор нөлөөлж, үнийг бууруулан Австралийн эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа нь санаа зовоож байгааг Австралийн засгийн газар Даваа гарагт мэдэгдэв.
Төмрийн хүдэр бол Австралийн экспортын хамгийн том бүтээгдэхүүн бөгөөд хамгийн их худалдан авагч нь Хятад байдаг.
Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч Австрали өнгөрсөн жил 944 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Үүний дөрөвний гурвыг Хятад ган үйлдвэрлэлдээ зориулан худалдан авчээ.
Хоёр орны хооронд улс төрийн асуудлаар зөрчил гарч байсан ч төмрийн хүдрийн худалдаа тасраагүй. Тухайлбал, Хятад нэгэн үе Австралийн нүүрс, дарс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг 20 тэрбум орчим австрали долларын экспортыг хязгаарлахдаа төмрийн хүдрийг хөндөөгүй юм.
Гэвч Хятад 2022 онд худалдан авалтаа төвлөрүүлэх байгууллага байгуулсан нь хоёр орны худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Уг байгууллагын зорилго нь Хятадын гангийн компаниудын Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдэд төлөх зардлыг бууруулах байжээ.
Хятадын ашигт малтмалын нөөцийн групп гэрээний хэлэлцээний үеэр Австралийн хүдэр үйлдвэрлэгчдийн борлуулалтыг саатуулахыг оролдсон гэж Австралийн Эрдэс баялгийн сайд Маделин Кинг мэдэгдэв. Тэрбээр үүнийг олон улсын худалдааны дүрэм зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлжээ.
“Төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн зууны 60-аад оноос хойш Австралийн эдийн засгийн чухал хэсэг байсаар ирсэн. Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч өөрийн ашиг сонирхлын төлөө үнэд зохиомлоор нөлөөлөх алхам хийх нь төсвийн орлогод нөлөөлөх тул Австралийн засгийн газар санаа зовж байна” гэж сайд хэлжээ.
Ирэх жил Австралийн төмрийн хүдрийн экспорт өмнөх оныхоос 10 хувиар буурч, 107 тэрбум австрали долларт (65.8 тэрбум евро орчим) хүрэх төлөвтэй байна.
Хятадын ашигт малтмалын нөөцийн группийн нөлөө нэмэгдэж байгаа нь “зах зээлийн бүтэц өөрчлөгдөж байгааг илтгэж болзошгүй” бөгөөд төмрийн хүдрийн үнийн хэлэлцээнд нөлөөлнө гэж Австралийн Аж үйлдвэрийн яам өнгөрсөн сард гаргасан экспортын таамагтаа дурджээ.