Такла-Маканы цөлийн гүнээс 1000 гаруй настай гэх аварга улиас олджээ
Шинжаанаас олдсон энэ улиас их биеийн тойргоороо одоогоор Хятадад мэдэгдэж буй хамгийн том улиас гэж мэдээлжээ.
Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Такла-Маканы цөлийн гүнээс 1000 гаруй настай гэж тооцогдож буй аварга улиас олдсоныг Хятадын медиа групп (CMG) мэдээлжээ.
Энэ мод 16 метр өндөр, цээжний өндөрт их биеийн тойрог нь 8.95 метр бөгөөд түүнийг тэврэхэд долоо, найман насанд хүрсэн хүн гар гараасаа барих хэрэгтэй. Титэм нь зүүнээс баруун тийш 18.4 метр, хойноос урагш 18.6 метр өргөн.
Мэргэжилтнүүд модыг 1000 орчим настай гэж тооцоолж байна. Мэдээллээс үзэхэд энэ нь одоогоор Хятадад мэдэгдэж буй улиасуудаас хамгийн бүдүүн нь юм.
“Такла-Макан” гэдэг нэрийг уйгур хэлээр “орох боловч гарч чадахгүй газар” гэж түгээмэл тайлбарладаг. Цөл хатуу ширүүн уур амьсгалаараа алдартай. Сүүлийн гучин жилийн цаг уур, ус зүйн мэдээллээс үзэхэд тэнд агаарын температур хамгийн ихдээ 45.6 хэм, хамгийн багадаа хасах 32.7 хэм хүрч байсан бол газрын гадаргын температур 70 хэмээс давж байжээ. Жилийн хур тунадас 3.9 миллиметр хүртэл бага байсан удаа ч бий.