Эдийн засаг

Хятадын экспорт, импорт 10 дугаар сард хүлээлтээс давж огцом өсчээ

Чип болон хиймэл оюуны тоног төхөөрөмжийн эрэлт экспортын өсөлтийг голлон тэтгэж байна.

CNBC1 мин унших

Зураг: CNBC

Хятадын экспорт, импорт 10 дугаар сард шинжээчдийн хүлээлтээс давж огцом өссөн ч худалдааны ашиг эрс буурсныг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.

Даваа гарагт нийтлэгдсэн албан ёсны мэдээгээр барааны экспорт өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өсчээ. Энэ нь хүлээлтээс давсан ч 9 дүгээр сарын 36.3 хувийн өсөлтөөс бага зэрэг удаашралтай байна.

Импорт 41.6 хувиар өсч, 9 дүгээр сарын 31 хувийн үзүүлэлтээс огцом нэмэгдсэн бол худалдааны ашиг 4 дүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн аж.

Экспорт хүчтэй байгаа нь жилийн 4.5-5 хувийн өсөлтийн зорилтыг дунд зэргийн бодлогын дэмжлэгээр хангах боломж олгож байна. Гэвч 9 дүгээр сард жижиглэн худалдаа ердөө 1.1 хувиар өссөн нь өрхийн хэрэглээ сул хэвээр байгааг харуулжээ.

Экспортын өсөлтийн дийлэнх нь чип болон хиймэл оюунтай холбоотой тоног төхөөрөмжийн эрэлтээс үүдэлтэй тул дэлхийн хиймэл оюуны бүтээн байгуулалт удаашрах аваас энэ эрч саарч болзошгүй.

Вашингтон, Бээжин 9 дүгээр сард худалдааны эвлэрлээ 1 дүгээр сар хүртэл хоёр сараар сунгахаар тохирсон.

Хятадын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн бүсийн удирдагчдын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ онд гурав дахь удаагаа уулзах төлөвтэй байна.

ЕХ өнгөрсөн сард Хятадын хайбрид автомашины импортыг хязгаарлахаар Бээжинтэй тохиролцсон ч жилд 350 мянган машин импортлох хязгаар нь Хятадын өнгөрсөн жил Европ руу экспортолсон 300 мянган хайбридаас их байна гэж Гадаад харилцааны зөвлөлийн ахлах судлаач Брэд Сетсер тооцоолжээ.

Бусад мэдээ