Хятадын гэр бүлүүд анх удаа хүүхдээсээ илүү ахмад настныг тэжээх болжээ
Хятадад 65 ба түүнээс дээш насны хүн 223 сая давж, нийт хүн амын бараг 16 хувийг эзэлж байгаа нь тэтгэвэр, эрүүл мэндийн зардалд дарамт учруулж болзошгүй юм.

Хятадын гэр бүлүүд анх удаа хүүхдээс илүү ахмад настныг тэжээх болсныг тус улсын засгийн газар мэдэгджээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн албан ёсны мэдээллээр, ажиллах насны хүн амд ногдох тэжээлгэгч ахмад настны харьцаа өнгөрсөн жил 23 хувьд хүрч, 22 хувьтай байсан хүүхдийн үзүүлэлтийг гүйцэж түрүүлжээ.
Дэлхийн хоёрдугаарт орох эдийн засагтай орны ажиллах хүч агшиж байгаа нь тус улсын болон дэлхийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг эдгээр тоогоор анхааралтай ажигладаг. Хятадын Үндэсний статистикийн товчооны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад 65 ба түүнээс дээш насны 223 сая гаруй хүн байгаа нь нийт хүн амын бараг 16 хувийг эзэлж байна.
Үүний зэрэгцээ 14 ба түүнээс доош насны 213 сая орчим хүүхэд бий.
Статистиктай хамт албан ёсны тайлбар нийтлээгүй ч Хятадын төрийн хяналттай Глобал Таймс сонин тус улс «дунд зэргийн хөгширсөн нийгэмд орсон» нь өмнөх үеийн төрөлтийн хэмжээ, дундаж наслалт уртассан зэрэг хүчин зүйлсийн үр дүн гэж бичжээ. Энэ өөрчлөлт тэтгэвэр, эрүүл мэнд, урт хугацааны асаргааны системд нэмэлт дарамт учруулахын зэрэгцээ ахмад настанд чиглэсэн «мөнгөлөг эдийн засагт» боломж нээж болох юм гэж сонин бичжээ.
Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Стюарт Гитель-Бастен энэ хүн ам зүйн өөрчлөлтийг «бэлгэдлийн шинжтэй» гэж үзэж, төсвийн зарцуулалт гэр бүл, сургуулиас тэтгэвэр, эрүүл мэнд рүү шилжиж магадгүйг хэлэв. Энэ нь эдийн засгийн өсөлт болон хүмүүсийн худалдан авах чадварыг хязгаарлаж болзошгүй гэж Сингапурын үндэсний их сургуулийн социологийн багш Му Жэн хэлжээ.
Хятадын хүн амын хөгшрөлтөд хурдацтай хотжилт, 1980 оноос 2015 оны эцэс хүртэл мөрдсөн маргаантай нэг хүүхдийн бодлого зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Засгийн газрын тооцоогоор, энэ бодлого 400 сая орчим төрөлтөөс сэргийлсэн ч энэ тоо маргаантай байдаг. Гэр бүлийн хэмжээний хязгаарлалтыг зөөлрүүлсэн ч Бээжин хосуудыг илүү олон хүүхэд гаргахыг ятгаж чадахгүй байгаа бөгөөд төрөлт түүхэн доод түвшинд хүрээд байна.
Ахмад настанд үзүүлэх санхүүгийн тусламж Хятадын засгийн газрын зардлын өсөн нэмэгдэж буй хэсэг болж, албан ёсны мэдээллээр 2025 оны эцэс гэхэд 53 сая гаруй ахмад настан тэтгэмж, татаас авч байжээ.



