Хятадын шинэ тулгуур салбаруудын үйлдвэрлэл 2030 он гэхэд 1.5 их наяд ам.доллараас давах төлөвтэй байна
Оны эхний гурван улиралд интеграл хэлхээний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс өсөж, шинэ эмийн гадаад лицензийн гэрээний дүн өнгөрсөн жилийнхтэй ойртжээ.
Хятадын шинээр гарч ирж буй тулгуур салбаруудын үйлдвэрлэлийн нийт үнэ 15 дахь таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) эцэс гэхэд хоёр дахин илүү өсөж, 10 их наяд юаниас давах төлөвтэй байна гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.
Энэ дүн ойролцоогоор 1.5 их наяд ам.доллартай тэнцэх юм.
Эдгээр салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн жил 6 их наяд юаньд дөхөж, томоохон хэмжээнд аль хэдийн хүрсэн гэж хороо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт хурдацтай өссөн нь шинэ технологи, бүтээгдэхүүнийг тасралтгүй бий болгож, салбаруудын тэлэлтийг хөдөлгөж байгаа аж.
Хорооны мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд Хятадын интеграл хэлхээний үйлдвэрлэл 442.8 тэрбум ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсчээ.
Мөн хугацаанд Хятадад бүтээсэн шинэ эмийн гадаад лицензийн гэрээний дүн 130 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь 2025 оны бүтэн жилийнхтэй бараг тэнцэж байна.
Шинэ тулгуур салбаруудын өсөлт Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болох төлөвтэй байна.
