Ши Жиньпин Шар мөрний хамгаалалт, зохицуулалтыг сайжруулахыг онцолжээ
Хэнань мужид болсон ажлын бага хурлаар Шар мөрний сүүлийн 80 жилийн хамгаалалтын ажлын үр дүнг танилцуулжээ.
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Шар мөрнийг улам үзэсгэлэнтэй болгохын тулд хамгаалалт, зохицуулалтыг тасралтгүй сайжруулахыг онцолжээ гэж И Си Эн Эс сайт мэдээлэв.
Тэрбээр мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай хөгжлийг бодитоор дэмжиж, Шар мөрний соёлыг өвлөн уламжлах шаардлагатайг саяхан өгсөн зааварчилгаандаа дурджээ. Энэ эх мөрөн Хятад түмэн болон хойч үедээ тогтвортой үр өгөөжөө өгөх ёстой гэж тэрбээр бичсэн байна.
Зааварчилгааг Даваа гарагт Хэнань мужийн Жэнжоу хотод болсон Шар мөрнийг хамгаалах, зохицуулах ажлын бага хурлаар уламжилжээ.
Хятадын Дэд Ерөнхий сайд, Хятадын Коммунист намын (ХКН) Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Лю Гочжун бага хуралд оролцож үг хэлжээ. Тэрбээр мөрнийг хамгаалах, зохицуулах ажилд хамтран хүчин чармайлт гаргаж, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглахыг уриалсан байна.
Бага хурлаар ХКН-ын удирдлага дор сүүлийн 80 жилд Шар мөрнийг зохицуулах чиглэлээр гаргасан амжилтын талаар танилцуулжээ.
Нэгэн цагт аюултай үер, их хэмжээний лаг шавар, голдирол өөрчлөгдөхөд өртдөг байсан мөрний ус 80 жилийн хамгаалалтын ажлын дүнд цэвэршиж, усны хэрэглээ илүү тогтвортой болсон байна.
Хятадын хоёр дахь урт мөрөн болох Шар мөрөн есөн муж, өөртөө засах орноор дамжин 5,464 км урсаж, цөл, шар хөрст нутгийг гатлан Шаньдунд Бохайн тэнгист цутгадаг юм.
