Киргизийн Ерөнхийлөгч эрчим хүчний ундааг хориглох асуудлыг судлахыг засгийн газарт даалгажээ
Эрчим хүчний ундааны хэрэглээ огцом өсч, эмч нар эрүүл мэндэд хор хөнөөлтэйг анхааруулж байна.

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров эрчим хүчний ундаа үйлдвэрлэх, импортлохыг хориглох асуудлыг нэг сарын дотор судалж, зургаан сарын дотор зохицуулалт хийхийг Сайд нарын кабинетад даалгасныг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Жапаров 2026 оны 11 дүгээр сарын 5-нд олон нийтийн сүлжээгээр энэ шийдвэрээ зарлахдаа эмч нарын анхааруулга болон ундаатай холбоотой өвчнийг эмчлэхэд төрөөс гаргаж буй зардлыг дурдсан байна.
Түүний өгсөн тоо баримтаар 2026 оны эхний хагаст 36 сая литр орчим эрчим хүчний ундаа хэрэглэсэн нь 2025 оны нийт хэрэглээ болох 54 сая литрийн гуравны хоёртой тэнцэж байна. Киргиз 2025 онд 25 сая литр орчим үйлдвэрлэж, 29 сая гаруй литр импортолжээ.
Салбараас төсөвт 2025 онд 1.104 тэрбум сомын татвар, гаалийн орлого төвлөрсөн. Хориг тогтоовол татварын орлого 1.5 тэрбум сом орчмоор буурч болзошгүйг Ерөнхийлөгч дурджээ.
Үүнтэй зэрэгцэн парламентын гишүүн Эрулан Кокуловын боловсруулсан, 18 хүрээгүй хүнд эрчим хүчний ундаа худалдахыг хориглох хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлжээ. Худалдагч худалдан авагчийн насыг эргэлзвэл бичиг баримт шаардах үүрэгтэй бөгөөд автомат машинаар зарахыг ч хориглоно.
Насанд хүрээгүй хүнд ундаа зарсан иргэнийг 10 мянган сомоор, хуулийн этгээдийг 35 мянган сомоор торгох юм. Жилийн дотор давтан зөрчвөл торгууль 20 мянга, 55 мянган сом болж нэмэгдэнэ.
Киргизийн Эрүүл мэндийн яам 2026 оны 3 дугаар сард эрчим хүчний ундааны онцгой албан татварыг литр тутамд 6 сомоос 20 сом болгож нэмэхийг санал болгож байжээ.



