Косовод цагдаагаас удаа дараа тусламж хүссэн эмэгтэйг хөнөөсөн хэрэг жагсаал дэгдээв
Жагсагчид цагдаа, прокуроруудыг хариуцлагад татахыг шаардаж байна.

Косовод цагдаагаас удаа дараа хамгаалалт хүссэн 49 настай эмэгтэй 10 дугаар сарын 25-нд гэртээ сүхээр алагдсаны дараа олон мянган хүн жагсаалд гарчээ гэж Дойче Велле мэдээлэв.
Тэрбээр тэр өдөр нөхрөө цагдаад дахин мэдэгдэж, нөхрийг нь баривчилсан ч нөхрийнх нь гэр бүлээс хамгаалахыг хүссэн хүсэлт нь биелээгүй аж.
Цагдаа нар эмэгтэйг гэрт нь хүргэж өгсний дараахан яаралтай дуудлага ирсэн бөгөөд очиход тэрбээр амиа алдсан байв.
Сэжигтэн болох нөхрийнх нь хамаатан эрэгтэйг 10 дугаар сарын 27-нд Пежа хотын ойролцоо баривчилж, хүн амины хэргээр шалгаж байна.
Энэ нь энэ онд Косовод эмэгтэй хүнийг хүйсээр нь онилон хөнөөсөн найм дахь хэрэг юм. 2010 оноос хойш 55 эмэгтэй хамтрагч, гэр бүлийн гишүүний гарт амиа алджээ.
Жагсагчид Дотоод хэргийн сайд Желал Свечла, Хууль зүйн сайд Доника Гервалла огцрохыг шаардаж байгаа ч тэд татгалзсан байна. Ерөнхий сайд Альбин Курти зарим төрийн байгууллага бүтэлгүйтсэн гэж хүлээн зөвшөөрсөн аж.
Пежа орчмын цагдаагийн хэд хэдэн ахлах ажилтан, эмэгтэйн гомдлыг шалгаж байсан нэг прокурорыг түдгэлзүүлсэн юм.



