Кремль Абу-Дабийн энхийн хэлэлцээнд Европыг оролцуулахаас татгалзжээ
ЕХ хэлэлцээнд түншүүдийнхээ хамт оролцоно гэж мэдэгдсэн ч Москва зөвхөн АНУ, Украинтай гурвалсан хэлбэрийг баримталж байна.

Орос энэ долоо хоногт Абу-Дабид Украин, АНУ-ын төлөөлөгчидтэй хийх энхийн хэлэлцээнд Европын холбооны албан тушаалтныг оролцуулахгүй гэдгээ даваа гарагт мэдэгдсэнийг Москоу Таймс сайт мэдээлжээ.
«Европчуудын оролцооны хувьд гэвэл, америкчууд европчуудтай харилцах өөрийн сувагтай, украинчууд ч мөн адил» гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
Песковын хэлснээр Америк, Украины хэлэлцээчид Европын төлөөлөгчидтэй өөрсдийн зохицуулалтын механизмыг бий болгож байгаа байх магадлалтай аж.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мягмар, лхагва гарагт болох хэлэлцээнд ЕХ түншүүдийнхээ хамт оролцоно гэж мөн өдөр мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский фон дер Ляйентай утсаар ярьж, Абу-Дабийн уулзалтын талаарх байр сууриа уялдуулснаа мэдэгдэж, Европын оролцоог баталсан бололтой.
Трампын засаг захиргаа дайны дараах аюулгүй байдлын зохицуулалтын талаар Европыг тойрч Оростой шууд хэлэлцэж магадгүй гэсэн болгоомжлол Украины Европын холбоотнуудын дунд нэмэгдэж байна.
Абу-Дабид Оросын төлөөлөгчдийг Кремлийн зөвлөх Владимир Мединский дахин ахлах бөгөөд цэрэг, тагнуулын албан тушаалтнууд болон Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков оролцоно.


