Улс төр

Кристин Лагард Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл төвийн бусад нэр дэвшигчтэй ойролцоо санал авах төлөвтэй

Лагардын нэр дэвших эсэхийг шалгасан анхны олон нийтийн санал асуулгын аль ч хувилбарт хэт барууны Марин Ле Пен, зүүний Жан-Люк Меланшон нар нэг, хоёрдугаар байр эзлэх төлөвтэй байна.

Politico EuropePauline de Saint Remy1 мин унших

Зураг: Politico Europe

Европын төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас гарч буй Кристин Лагард ирэх оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл төв-барууны нэр дэвшигч Эдуард Филипптэй адил хэмжээний санал авах төлөвтэй байгааг өөрийн захиалгаар хийлгэсэн шинэ санал асуулга харуулсныг Политико сайт мэдээлжээ.

Кластер Сэвэнти судалгааны байгууллагын санал асуулгаар, Лагард Филиппийн оронд нэр дэвшвэл 14 хувийн санал авах бол Филипп ижил өрсөлдөгчидтэй өрсөлдвөл 13.5 хувь авах аж. Лагард бараг хорин жилийн өмнө Ерөнхийлөгч Николя Саркозигийн үед Францын эдийн засгийн сайдаар ажиллаж байжээ.

Лагард, Филипп хоёр болон саяхан нэр дэвшихээ зарласан олимпийн жүдогийн аварга Тедди Ринер, тоймч Наташа Полони зэрэг олон нэр дэвшигч нэгэн зэрэг өрсөлдөх, магадлал маш багатай хувилбарт ч Лагард 8 хувийн дэмжлэг авч, Макроны Ерөнхий сайд асан Филипптэй өрсөлдөхүйц байна.

Аль ч хувилбарт хэт барууны Марин Ле Пен, зүүний Жан-Люк Меланшон нар нэг, хоёрдугаар байр эзэлж, ирэх оны 5 дугаар сард болох хоёр дахь шатанд шалгарч үлдэх төлөвтэй байна.

“Энэ үе шатанд дунд замын болон төвийн хүчний орон зайд манлайлал илт дутагдаж байна” гэж судалгааны байгууллагын ерөнхийлөгч Жан-Ив Дормаген хэлжээ.

Лагард өмнө нь нэр дэвших нь “огт сайн санаа биш” гэж хэлж байсан ч 10 дугаар сарын 29-нд Европын төв банкнаас эрт гарахаа зарласнаас хойш энэ асуултад шууд хариулахаас зайлсхийж байна.

Лагард ирэх оны 2 дугаар сарын 7-нд Европын төв банкны албан тушаалаа орхих бөгөөд энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэх хугацаанаас нэг сар орчим өмнө юм.

Бусад мэдээ