Тринидад ба Тобагогийн хамгийн дээд шүүх ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг хориглосон хуулийг хүчингүй болгожээ
Арван жил үргэлжилсэн шүүхийн тэмцлийн дараа гарсан шийдвэрийг Карибын тэнгисийн бүс нутагт ЛГБТ иргэдийн эрхийн түүхэн ялалт гэж үзэж байна.

Тринидад ба Тобагогийн хамгийн дээд шүүх ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг гэмт хэрэгт тооцдог, олон жил мөрдөж ирсэн хуулийг хүчингүй болгосноор тус улсын ЛГБТ идэвхтнүүдийн арван жил үргэлжилсэн шүүхийн тэмцэл амжилттай өндөрлөснийг Евроньюс мэдээлжээ.
Лондон дахь Хувийн зөвлөлийн шүүхийн хороо Мягмар гарагт 1986 оны Бэлгийн гэмт хэргийн тухай хуулиар насанд хүрсэн ижил хүйстнүүдийн хувийн, харилцан зөвшөөрсөн бэлгийн харьцааг яллах боломжгүй гэж санал нэгтэй шийдвэрлэжээ. Энэ хороо Их Британийн хараат болон хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүдийн давж заалдах эцсийн шатны шүүх юм.
Энэ хуульд өмнө нь ноцтой ёс бус үйлдэлд хоёр жил, эрчүүдийн хоорондын бэлгийн харьцаанд таван жилийн ял ногдуулахаар заасан байв.
“Ирэх саруудад би зөвхөн Тринидад ба Тобаго төдийгүй Карибын бүс нутаг хэрхэн ижил хүйстнийг үзэн ядах үзэлтэй тэмцэх талаар чиглэсэн идэвхтэй ажил хийнэ” гэж шийдвэрийг уншиж сонсгосны дараа ЛГБТ идэвхтэн Жейсон Жонс хэлжээ.
Үндсэн хуулийн эрхийг өнгөрсөн үеийнхээр бус, өнөө үед бодитой, үр дүнтэй байхаар тайлбарлах ёстой гэж Шүүхийн хороо үзжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк энэ шийдвэрийг эрх, тэгш байдлын чухал алхам хэмээн сайшаажээ.



