Дэлхий

Франц Европт кибер халдлагын гол бай болж байгаагийн шалтгаан

France 24Joanna YORK2 мин унших

Зураг: France 24

Францын супермаркетуудын хөргөгчид чиглэсэн урьд өмнө байгаагүй халдлага нь цуврал томоохон кибер халдлагын шинэ тохиолдол болсныг Франс Твенти Фор телевиз мэдээлжээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар эдгээр халдлага тус улсыг Европт хамгийн их хакердуулсан орон болгосон аж.

10 дугаар сарын 12-нд Франц даяарх 700 дэлгүүрийн температурын хяналтын программыг хакердаж, хөргөгчдийн температурыг шөнийн дотор 80 хэм хүртэл өсгөсөн тул зарим дэлгүүрт дотор нь үлдсэн хүнс халуунд болж, ажилчид олон тонн муудсан хүнс хаяхад хүрчээ.

Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро энэ халдлагыг Францын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх зорилготой анхны томоохон кибер халдлага хэмээн тодорхойлжээ. Франц уг халдлагыг Ираны Хувьсгалт харуулын корпустай холбоотой кибер ангийн үйлдэл гэж буруутгасан байна.

Сүүлийн таван жилд хакерууд тус улсын ажилгүйдлийн агентлаг, цагаачлалын алба, боловсролын яам, иргэний бичиг баримтын үндэсний агентлаг, улсын эмнэлгүүдээс мэдээлэл хулгайлжээ. 8 дугаар сард бараг 680 мянган татвар төлөгчийн хувийн болон татварын мэдээлэл хулгайлагдаж, цахимд худалдаанд гарсныг Сангийн яам мэдэгдсэн байна.

Франкфурт дахь кибер тагнуулын хүрээлэнгийн судалгааны захирал Деннис-Кенжи Кипкер Францыг хакеруудын хувьд олон талаар онцгой сонирхол татдаг гэж үзжээ. Франц цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын хоёр дахь том эдийн засагтай, Украины гол дэмжигч орон юм. “Францыг хамгийн сул холбоос учраас бус, олон түгжээгүй хажуугийн хаалгатай өндөр үнэ цэнэтэй бай учраас хакердаж байна” гэж тэрбээр хэлжээ.

Мөн 11 дүгээр сард кибер гэмт хэрэгтнүүд Францын Креди Мютюэль Аркеа банкны группээс 100 сая гаруй евро хулгайлсан байна. Гэвч зарим үзүүлэлтээр Франц хамгийн их халдлагад өртдөг орон биш юм. Сүүлийн нэг жилд золиосны программ ашигладаг бүлэглэлүүдийн жагсаалтад Герман, Италийн хохирогч Францынхаас олон байсныг Софос компанийн шинжээч Рэйф Пиллинг дурджээ.

Кипкерийн үзэж буйгаар, олон компани, төрийн байгууллага кибер аюулгүй байдлын үндсэн арга хэмжээ дутмагаас болж харьцангуй амархан халдлагад өртдөг. Европын холбоо 2022 онд кибер аюулгүй байдлын гол удирдамжаа баталсан ч Франц үүнийг хараахан хэрэгжүүлээгүй байна.

Дараагийн бай нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл байж болзошгүйг Европын холбооны кибер аюулгүй байдлын тэргүүн Мягмар гарагт анхааруулжээ. Хөргөгчид чиглэсэн халдлага 11 дүгээр сард Бельги, Люксембург, Финланд, Эстони, Шведэд ч давтагдсан байна.

Бусад мэдээ