Аргентины хуульч Фолкландын газрын тосны хэргээр Их Британийн бүрэн эрхт байдлын нэхэмжлэлийг шоолжээ
Далайн эрх зүйн олон улсын шүүх бүрэн эрхт байдлын маргааныг хэлэлцэх эрхгүй гэж Их Британи үзэж, өрөмдлөгийг түдгэлзүүлбэл төсөл зогсоно хэмээн анхааруулж байна.

Фолкландын арлуудын эргэн тойрны усыг өөрийн далай мэт үздэг 17 дугаар зууны колоничлогч гүрэн шиг Их Британи аашлахыг зөвшөөрч болохгүй гэж Аргентин олон улсын шүүхэд хэлснийг Гардиан сонин мэдээлжээ.
Британийн титэм далайн өргөн уудам хэсэгт бүрэн эрхтэй гэсэн түүхэн сургаалд Их Британи итгэдэг бололтой гэж Гамбург хотод болж буй сонсголд Аргентиныг төлөөлсөн Марсело Кохен шоолжээ.
Аргентин цаашдын арбитр дуустал Их Британийг Фолкландын арлуудын хойд сав газар дахь газрын тосны өрөмдлөгийг түдгэлзүүлэхийг шаардсан шийдвэр гаргуулахаар Далайн эрх зүйн олон улсын шүүхэд хандсан юм. Си Лайон газрын тосны орд арлуудаас хойш 130 миль орчим зайд оршдог. Их Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох эдгээр арлын бүрэн эрхт байдлыг Аргентин удаан хугацаанд нэхэмжилсээр ирсэн.
“Талууд бүрэн эрхийн талаар маргаж байгаа нь Мальвины арлуудын орчмыг Британийн далайн өмч болгочихгүй. Бид 17 дугаар зуунд амьдарч байгаа юм биш” гэж Кохен хэлжээ.
Аргентин өрөмдлөгийг түдгэлзүүлэхийг хүсэх замаар бүрэн эрхт байдлын зорилгоо урагшлуулахыг оролдож байна гэж Англи, Уэльсийн Ерөнхий прокурор Элли Ривз Мягмар гарагт шүүхэд хэлжээ. Ийм алхам Си Лайон төслийг үгүй хийж, арлын иргэд болон холбогдох компаниудад гамшигт үр дагавар авчирна гэж тэрбээр мэдэгджээ.
Аргентины багийнхан ирэх оны 3 дугаар сард эхлэх, арлуудын ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлж мэдэх өрөмдлөгийг яаралтай түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Харин газрын тосны олборлолт 2028 он хүртэл эхлэхгүй тул яарах шаардлагагүй гэж Их Британи үзжээ.
Аргентин 1982 онд арлуудыг эзлэн түрэмгийлсэн юм. 74 хоног үргэлжилсэн мөргөлдөөн нь Аргентины хүчин бууж өгснөөр дууссан бөгөөд дайнд Аргентины 649, Британийн 255 цэргийн алба хаагч, арлын гурван оршин суугч амь үрэгджээ.



