Лалын ахан дүүс байгууллагыг Египет террорист байгууллагын жагсаалтад бүрмөсөн оруулжээ
Шийдвэр шинэ хориг тогтоохгүй ч тус бүлэглэлийг жагсаалтад оруулсан хууль зүйн үндэс, хугацааг өөрчилж байна.

Лалын ахан дүүс байгууллагыг Египет террорист байгууллагын жагсаалтад түр биш, бүрмөсөн оруулсныг Нэшнл сонин мэдээлжээ.
Ням гарагт нийтлэгдсэн прокурорын газрын шийдвэр 2022 оны 12 дугаар сард гаргасан түр жагсаалтыг орлож, тус байгууллагыг 2015 оны террорист байгууллага, этгээдийн тухай хуулийн дагуу байнгын жагсаалтад оруулсан юм.
Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа, хурал цуглаан, хандив цуглуулахыг хориглож, байрыг нь хааж, хөрөнгийг нь битүүмжилнэ.
Египет 2013 оны 12 дугаар сард Лалын ахан дүүсийг террорист байгууллага хэмээн зарласан. Үүнээс хэдэн сарын өмнө олон нийтийн эсэргүүцлийн дараа цэргийнхэн тус бүлэглэлийн гишүүн, ерөнхийлөгч Мохамед Мурсиг огцруулсан юм.
Мэдэгдэлд дурдсанаар, ял шийтгүүлсэн Лалын ахан дүүстэй холбоотой гурван эрийг мөн террорист этгээдийн тусдаа жагсаалтад бүрмөсөн оруулжээ. Тэд гадаад зорчих, хөрөнгө захиран зарцуулах, төрийн албан тушаал хашихад хязгаарлалттай тулгарна.
Шийдвэрт Каирын эрүүгийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын тогтоол, Хяналтын шатны шүүхийн энэ оны 4 дүгээр сарын шийдвэрийг иш татсан. Шийдвэр 11 дүгээр сарын 8-ны засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болжээ.
АНУ-ын Сангийн яам 1 дүгээр сард Лалын ахан дүүсийн Египет, Иордан дахь салбаруудыг Хамаст материаллаг дэмжлэг үзүүлсэн гэж буруутган, тусгайлан тогтоосон дэлхийн террорист этгээдийн жагсаалтад оруулсан юм.



