Лула: Бразил АНУ-ын татварын дараа өршөөл гуйгаагүй, өөр худалдааны түнш хайсан
Бразилаас Индонез, Вьетнамтай хийх худалдаа тус тус 15 хувь, 13 хувиар өссөнийг Лула онцолжээ.

Манилад ням гарагт чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалт эхэллээ. Зүүн өмнөд Азийн орнуудын удирдагчид Ойрхи Дорнодын хямрал болон бүс нутгийн халуун цэгүүдийн асуудлыг хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны талаар нэгдсэн байр суурьт хүрэхийг эрмэлзэж байна.
Трамп мягмар гарагт буюу уулзалт өндөрлөхийн өмнөхөн ирэх төлөвтэй байна. Тэрбээр Quad буюу Дөрвөн талын аюулгүй байдлын яриа хэлэлцээний бусад гишүүн болох Энэтхэг, Япон, Австралийн удирдагчидтай уулзах бөгөөд энэ нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд эдгээр дөрвөн орны удирдагчдын анхны уулзалт болно.
Харин саяхан дахин сонгогдсон Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва ням гарагт Манилад Трампын өдөөсөн татварын шуургад анхаарлаа хандуулав. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын үеэр Лула сэтгүүлчдэд “АНУ бусад улсад нэмэлт татвар ногдуулахаар шийдсэний дараа Бразил маш гүнзгий сургамж авсан” гэж хэлжээ.
“Бид уйлаагүй, АНУ-ын засгийн газраас өршөөл гуйгаагүй. Харин экспорт, импорт хийх өөр худалдааны түншүүд хайхаар шийдсэн” гэж Лула хэлэв. Бразилаас энэ бүс нутгийн Индонез, Вьетнамтай хийх худалдаа тус тус 15 хувь, 13 хувиар өссөнийг тэрбээр дурджээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни өмнөх өдөр нь уулзалт дээр ижил төстэй байр суурь илэрхийлсэн. Тэрбээр Филиппин, Канадын чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрийг дурдаж, АСЕАН-тай хийж буй худалдааны хэлэлцээ “үндсэндээ тохиролцоонд хүрсэн” гэжээ. Эдгээр хоёр хэлэлцээр нь “илүү олон боломж бүрдүүлж … АНУ-аас харьцангуй хамааралтай байдлаа бууруулах зорилготой, найдвартай түншлэлийн сүлжээ байгуулах стратегийн нэг хэсэг” гэж Карни хэлсэн байна.
Лула уулзалтын үеэр Карнитай уулзаж, түүнийг Бразилд албан ёсны айлчлал хийхийг урьсан гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Бразил, Канадын худалдааг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа ч Лула илэрхийлэв.
Уулзалтын аюулгүй байдлыг хангахын тулд Их Манила бүсэд 20 мянга шахам цагдаа байршуулжээ. Үүний зэрэгцээ зарим дэвшилтэт бүлгийн тооцоолж буйгаар мягмар гарагт уулзалтын газрын ойролцоо Трампын эсрэг жагсаалд хэдэн мянган хүн оролцох төлөвтэй байна. Шүүмжлэлийн гол бай нь Хятадын хагас дамжуулагч, ховор шороон элементийн салбар дахь давамгай байдлыг сөрөх зорилготой АНУ-ын “Pax Silica” нийлүүлэлтийн сүлжээний санаачилга юм.
Уг санаачилга Зүүн өмнөд Азид, тухайлбал Филиппинд үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны дэд бүтцийн төслүүдийг хамарч байгаа тул орон нутгийн зарим иргэн, оюутан, уугуул иргэдийн бүлгүүд эсэргүүцэж, байгаль орчны эрсдэл, геополитикийн маргаанд татагдахаас болгоомжилж байна.
Pax Silica санаачилгын Филиппин дэх гол төсөл нь Манилагаас хойд зүгт 1620 га талбайд байгуулах хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн төв юм. Энэ төслийн улмаас нутгийн уугуул иргэдийн гэр бүлүүд орон гэрээсээ албадан гарах эрсдэлтэй байна.