Макрон гэр бүл хэт барууны подкастер Кэндис Оуэнсийг Теннессид шүүхэд өгчээ
Оуэнс Брижит Макроныг трансжендер эрэгтэй гэж худал мэдээлсний улмаас Францын Ерөнхийлөгчийн гэр бүл гүтгэлгийн нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон түүний эхнэр Брижит хэт барууны подкастер Кэндис Оуэнсийн төрөлх Теннесси мужид түүний эсрэг гүтгэлгийн нэхэмжлэл гаргасныг Политико сайтын Европ дахь хэвлэл мэдээлжээ.
Оуэнс подкастынхаа хэд хэдэн дугаарт Брижит Макроныг трансжендер эрэгтэй гэж худал мэдээлсний дараа Макрон гэр бүл түүний эсрэг өргөн хүрээтэй хуулийн арга хэмжээ авч эхэлсэн юм.
Тэд 2025 оны 7 дугаар сард Оуэнсийн компаниуд бүртгэлтэй Делавэр мужид түүнийг болон түүний хоёр хэвлэл мэдээллийн компанийг шүүхэд өгсөн. Гэвч Делавэрийн шүүх өнгөрсөн сард зөвхөн тус мужид бүртгэлтэй компаниудад л харьяалал хүрнэ гэж шийдвэрлэжээ.
Макрон гэр бүлийн хуулийн багийн төлөөлөгч 11 дүгээр сарын 4-ний огноотой Теннессийн нэхэмжлэл жинхэнэ болохыг даваа гарагт баталжээ.
409 хуудас бүхий шинэ нэхэмжлэлд Оуэнсийн нийтлэлүүдийн ард санхүүгийн болон үзэл суртлын сэдэл байгаа гэж дурджээ.
«Тэр подкастаа ашиглан Макрон гэр бүлийн тухай худал зүйлээ дэлгэрүүлж, тэднийг шоолсон бараа зарж, хандив цуглуулсаар байна» гэж нэхэмжлэлд бичжээ. Оуэнсийн төлөөлөгч тайлбар өгөөгүй байна.



