Макрон: Украинд үзүүлэх тусламжийг хязгаарлах нь дахин дайнд хүргэнэ
АНУ Украин, Оросын хэлэлцээг зуучилж буй энэ үед Украинд шударга, тогтвортой энх тайван тогтоох ажилд Европ бүрэн оролцох ёстой гэж Францын Ерөнхийлөгч хэлжээ.

Украинд үзүүлэх тусламжийг хязгаарлах гэсэн хүмүүс “шударга бус энх тайван” тулгахыг хүсэж байгаа бөгөөд энэ нь дахин дайнд хүргэнэ гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон бямба гарагт анхааруулав.
Макрон энэ мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд энэ үед АНУ Москва 2022 онд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээр дэгдсэн дайныг зогсоохоор Украин, Оросын хэлэлцээг зуучилж байна.
“Украинд үзүүлэх тусламжийг хязгаарлахыг хүсэгчид үнэн хэрэгтээ Украинд, улмаар бүхэл бүтэн Европт шударга бус энх тайван тулгахыг хүсэж байна” гэж Макрон хэлэв. “Энэ бол ялагдлын сэтгэлгээ. Энэ бол дахин нэг дайны жор. Энэ Францын байр суурь байж болохгүй” гэж тэрбээр нэмжээ.
Вашингтон Украиныг НАТО-д элсүүлэхийн хариуд газар нутгаа Москвад шилжүүлэхийг Киевт санал болгосон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа хэлсэн байна.
АНУ-ын элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар Абу-Дабид хоёр өдөр үргэлжилсэн, ахиц гаргаагүй хэлэлцээний дараа пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Зеленский нартай тус тусад нь уулзжээ. Гэхдээ уг уулзалтуудын үр дүнд Европын орнууд дайныг зогсоох цаашдын яриа хэлэлцээнд нэгдэхээр тохиролцжээ.
Баасан гарагт Дублинд Франц, Герман, Итали, Их Британи, Польш гэсэн таван улсыг Европоос хэлэлцээнд төлөөлөгчөө илгээхээр сонгосон юм.
Украинд “шударга, тогтвортой энх тайван” тогтоох ажилд “Европ бүрэн оролцох ёстой” гэж Макрон хэлэв. “Украинд болж буй зүйл бидэнд шууд хамаатай... Украинд өөрийгөө хамгаалахад нь туслах нь Франц болон францчуудыг хамгаалж байгаа хэрэг” гэжээ.
Украины холбоотнууд дайны дараах төсөөллөө Орост ч тодорхой хэлэх ёстой бөгөөд “Европын урт хугацааны аюулгүй байдлын төлөө АНУ-аас юу хүлээж байгаагаа ч дэлгэрэнгүй тодорхойлох ёстой” гэж Францын Ерөнхийлөгч хэлжээ.
Макрон “Владимир Путин хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна” гэж үзэж байгаагаа хэлэв. Өвөл ойртож буй энэ үед Путин энгийн иргэд, эрчим хүчний дэд бүтэц рүү дрон, пуужингийн цохилтоо эрчимжүүлж, Украиныг сөхрүүлэхийг оролдож байна гэж Францын Ерөнхийлөгч нэмжээ. “Энэ нь бид санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлж, Украинд хүн ам, цахилгаан станц, цахилгаан сүлжээгээ хамгаалахад нь туслах ёстой гэсэн үг” гэж тэрбээр хэлсэн байна.



