Малайз жолооч нарыг Вейз апп-аас татгалзахыг уриалсан ч орлох хувилбар дутагдаж байна
Жолооч нар дотоодын ТуЖу аппликэйшн одоогоор хангалттай сайн биш гэж гомдоллож байна.

Малайз Израилийн гаралтай Вейз навигацийн аппликэйшнийг төрийн албан хаагчдад хориглож, иргэдийг ашиглахгүй байхыг уриалсан ч жолооч нар орлох хувилбаргүй байна гэж ярьж байгаа тухай Си Эн Эй мэдээлжээ.
Малайз аравдугаар сарын 20-нд төрийн эмзэг мэдээлэл, иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд санаа зовж, төрийн албан хаагчдад ажлын болон хувийн цагаар Вейз ашиглахыг хориглосон байна. Малайз Израильтай дипломат харилцаагүй юм.
Вейз компани төрийн эмзэг мэдээлэл цуглуулдаг, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг буруугаар ашиглуулдаг гэх буруутгалыг үгүйсгэж байна.
«Олон газар олдохгүй, зарим чиглэл утгагүй байсан» гэж такси жолооч Мохамед Аидил Малайзын Хурдны замын газрын бүтээсэн ТуЖу аппликэйшнийг туршаад буцаад Вейз суулгасан тухайгаа ярьжээ.
Хурдны замын газрын дарга Хасни Мохаммад ТуЖу нь Вейзтэй өрсөлдөх бус, төлбөртэй хурдны замын үйлчилгээг сайжруулах зорилготой гэж тайлбарласан байна.
Ерөнхий сайд Анвар Ибрахим бүх нийтэд хориг тавих эсэхийг одоо байгаа хувилбаруудын чадавхийг үнэлсний дараа шийднэ гэж аравдугаар сарын 24-нд хэлсэн гэж Малай Мэйл сонин мэдээлжээ.
Вейз 2006 онд Израильд үүсгэн байгуулагдаж, 2013 онд Гүүгл компанид 1 тэрбум гаруй ам.доллараар зарагдсан бөгөөд Тель-Авив хотод төвтэй Вейз Мобайл компани ажиллуулсаар байгаа юм.
/file/attachments/orphans/LEHOHLA_KMF_387374.jpg)


