Малайзын Саравак муж 12 дугаар сарын 12-нд сонгууль явуулна
Холбооны засгийн газрын эвсэл сүүлийн мужийн сонгуулиудад ялагдал хүлээж, Саравак бие даасан байдлаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна.

Зүүн Малайзын Саравак мужийн 2 сая гаруй сонгогч 12 дугаар сарын 12-нд мужийн сонгуульд санал өгнө гэж Сонгуулийн хороо мэдэгдсэнийг Си Эн Эй сайт мэдээлжээ.
Нэр дэвшүүлэх өдрийг 11 дүгээр сарын 28-нд, урьдчилсан санал хураалтыг 12 дугаар сарын 8-нд товложээ. Саравак 10 дугаар сарын 26-нд хууль тогтоох ассамблейгаа тарааж, 60 хоногийн дотор 13 дахь удаагийн сонгуулиа явуулах боломж нээгдсэн юм.
Энэ нь сүүлийн жилд Малайзад болсон мужийн хэд хэдэн сонгуулийн дараагийнх бөгөөд Сабах, Жохор, Негери Сембилан мужийн дүн Ерөнхий сайд Анвар Ибрахимын эвсэлд ухралт болжээ.
Саравакийн ассамблей 82 суудалтай нь тус улсын хамгийн том хууль тогтоох байгууллага юм. 2021 оны сонгуулиар Саравакийн намуудын эвсэл 76 суудал авч байжээ.
Мужийн тэргүүн Абанг Жохари Опенг эвсэл нь бүх 82 суудлын төлөө өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.
Саравак холбооны дотор илүү их бие даасан эрх эдлэхийг эрмэлзэж, агаарын тээврийн компани, боомт, банк худалдан авсан бөгөөд Петронас компанийн газрын тос, байгалийн хийн монополийг сорьж, нөөцөө өөрийн компаниараа хянахыг хичээж байна.



