Матвиенкогийн загалмайлсан хүүг инстаграмын холбоос нийтэлсэн хэргээр долоон хоногоор баривчиллаа
21 настай Владислав Тюльпанов өөрийгөө “Оросын хамгийн залуу, алдартай улс төрч” гэж нэрлэдэг.
2017 онд нас барсан сенатор Вадим Тюльпановын хүү Владислав Тюльпановыг Санкт-Петербургийн Смольнинский дүүргийн шүүх хориотой бэлгэ тэмдэг үзүүлсэн зөрчилд (Захиргааны зөрчлийн тухай хуулийн 20.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг) буруутай гэж үзэж, долоон хоногоор баривчилсныг хотын шүүхүүд мэдээлэв.
Тюльпанов телеграм сувагтаа инстаграм дахь хуудасныхаа холбоосыг байршуулсан нь шийтгэлийн үндэслэл болсон гэж шүүхийн хэвлэлийн алба “Ротонда” хэвлэлд тодруулжээ. Тюльпанов гэм буруугаа бүрэн хүлээж, профайлаасаа холбоосыг устгасан байна.
21 настай Тюльпанов өөрийн сайт болон олон нийтийн сүлжээндээ Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенког загалмайлсан эх гэдгээ байнга онцолдог.
Тэрбээр “Нэгдсэн Орос” намд хэд хэдэн удаа элсэхийг оролдсон. 2025 онд Чечений салбараас намын үнэмлэх авсан ч удалгүй намын нэр хүндийг “гутаасан” хэмээн хасагджээ. Дараа нь Санкт-Петербургт дахин элсэх гэсэн ч өргөдлийг нь хүлээж аваагүй байна.
Петербургийн хэвлэлүүдийн мэдээлснээр (1,2) Тюльпанов дуучин, порно жүжигчин Катя Самбукатай харилцаатай байсан бөгөөд үнэтэй машинаар зорчиж, хотын захын байшинд амьдарч буйгаа харуулсан бичлэгүүдээрээ мэдээнд гардаг.
Тэрбээр “Нэгдсэн Орос”-ын гишүүн байх богино хугацаандаа гэрэлт дохиотой замын цагдаагийн машинаар дагалдуулж яваа мэт бичлэг нийтэлж, инстаграмын холбоостой тараах хуудас хотоор наасан байна. Тэр үед Оросын эрх баригчид уг сүлжээний эх компани Meta-г “хэт даврагч” гэж зарласан байжээ.

