Microsoft-ын үйлчилгээ 70 гаруй оронд доголдож, Outlook, Teams ажиллахаа больжээ
Доголдлын улмаас Японы албан хаагчид хүртэл цаасан бичиг баримтаар ажиллахад шилжихээс аргагүй болжээ.
Microsoft-ын Exchange Online цахим шуудангийн үйлчилгээ арваннэгдүгээр сарын 12-ны орой доголдож, Outlook, Teams, Copilot зэрэг үйлчилгээ 70 гаруй оронд ажиллахаа больсныг корпораци өөрөө мэдээлэв.
Доголдлын тухай анх мэдээлснээс хойш 12 цаг өнгөрсөн ч Microsoft үйлчилгээгээ бүрэн сэргээж чадаагүй байна.
Доголдол хамгийн түрүүнд Хойд, Өмнөд Америкт илэрчээ. Доголдол оргилдоо хүрсэн үед Downdetector үйлчилгээнд Америкийн хэрэглэгчдээс нэг цагийн дотор Outlook-ийн талаар 130 мянга гаруй гомдол иржээ. OpenAI, Anthropic зэрэг хиймэл оюун ухааны компаниуд ч доголдолд өртсөн байна.
Австралид Холбооны цагдаа, сөрөх тагнуулын албанд Microsoft-ын үйлчилгээ доголджээ. Цахим шуудан доголдсоноос болж зарим өвчтөн жороо цагтаа авч чадахгүй байж болзошгүйг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба анхааруулсан байна.
Ажлын өдрийн дундуур доголдол гарсан Японд яам, агентлагуудыг холбосон засгийн газрын харилцаа холбооны сүлжээ хэвийн ажиллахаа больж, албан хаагчид цаасан бичиг баримтад шилжихээс аргагүй болжээ.
Европын хөрөнгийн биржүүдийн оператор Euronext түншүүддээ утсаар холбогдохыг зөвлөсөн байна.
Цахим шуудантай холбоотой үйлчилгээ ажиллахгүй байгааг Энэтхэгийн IndiGo, Air India зэрэг агаарын тээврийн компаниуд болон Өмнөд Африкийн CemAir анхааруулжээ. Канад, Герман, Их Британийн төмөр замын компаниуд ч мөн адил мэдэгдсэн байна.
Автомат сэргээх систем ажиллаж байгаа, удахгүй засна гэж Microsoft эхэндээ мэдэгдсэн. Гэвч дараа нь авсан арга хэмжээ хүссэн үр дүнд хүрээгүйг компани хүлээн зөвшөөрөв.
Корпорацийн хэвлэлийн алба арваннэгдүгээр сарын 13-ны өглөө X сүлжээнд “сайжрал ажиглагдаж байгаа ч зарим асуудал хэвээр байж магадгүй” гэж бичжээ.
Доголдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хакерын халдлага болсон шинж тэмдэг илрээгүй гэж Microsoft онцолжээ.
Энэ нь 2026 онд Microsoft-ын үйлчилгээнд гарсан дэлхий нийтийг хамарсан хоёр дахь доголдол юм. Өмнөх нь нэгдүгээр сард Microsoft 365-д гарч байсан.
Корпорацийн хувьцаа үндсэн арилжаа нээгдэхээс өмнө бараг 3 хувиар унасан байна.

