Москвад метроны зам руу унасан зорчигчоос 350 мянга гаруй рубль гаргуулахаар шийдвэрлэжээ
Эмийн нөлөөгөөр согтуу байсан эрэгтэй унаснаас болж галт тэрэгний хөдөлгөөн 10 минут зогссон байна.

“Эмийн сангийн мансууруулах бодис”-ын нөлөөгөөр метроны зам руу унаж, галт тэрэгний хуваарь алдагдуулсан зорчигчоос 350 мянга гаруй рублийн нөхөн төлбөр гаргуулахаар Москвагийн шүүх шийдвэрлэжээ.
Нэгдүгээр сарын 27-ны өглөө хүчтэй үйлчилгээтэй эмийн нөлөөгөөр согтсон зорчигч Арбат-Покровскийн шугамын Пятницкое шоссе буудалд төмөр зам руу унажээ. Үүнээс болж метроны тухайн хэсэгт хөдөлгөөнийг 10 минут зогсоох шаардлагатай болсон байна.
Хоёр галт тэрэгний явалт цуцлагдаж, зорчигчдыг нэг удаа төлөвлөгөөт бус буулгасан нь метрод алдагдал учруулжээ. Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй.
“Москвагийн метрополитен УНАГ-аас хариуцагчид холбогдуулан гаргасан хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангах. 353.26 мянган рублийн хохирол, 11.33 мянган рублийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж Москвагийн метрополитен УНАГ-д олгох” гэж шүүхийн баримтад дурджээ.
Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд түүнийг давж заалдах боломжтой.
Осол гарсны дараа тээврийн аюулгүй байдлын шаардлагыг биелүүлээгүй хэргээр зорчигчийг захиргааны хариуцлагад татаж 3 мянган рублиэр торгож, эмчийн жоргүйгээр хүчтэй үйлчилгээтэй бодис хэрэглэсэн хэргээр шүүх 10 хоног баривчлах захиргааны шийтгэл оногдуулсан юм. Эрэгтэй “эмийн сангийн мансууруулах бодис” хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.
“Эмийн сангийн мансууруулах бодис” гэдэг нь эмчийн жоргүйгээр хэрэглэвэл хүчтэй согтолт, донтолт үүсгэж болох эмийн бүлгийг хэлдэг.



