Рубио, Ван И хоёр цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг удирдагчдын түвшинд хэлэлцэх нь чухал гэдэгт санал нэгджээ
Хоёр сайд энэ асуудлыг Орос оролцох боломжит гурван талт удирдагчдын уулзалтын хүрээнд ч хэлэлцэх нь чухал гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр утсаар ярихдаа денуклеаризацийг удирдагчдын түвшинд хэлэлцэх нь чухал гэдэгт санал нэгдсэнийг АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
“Тэд энх тайван, денуклеаризаци зэрэг зорилгыг урагшлуулахын тулд удирдагчдын түвшинд, тэр дундаа Орос оролцох аливаа боломжит гурван талт уулзалтын хүрээнд утга учиртай хэлэлцүүлэг хийх нь чухал гэдэгт санал нэгдэв” гэж мэдэгдэлд онцолжээ.
Хоёр орны удирдагчид хүндэтгэл, шударга ёс, харилцан тэгш байдалд суурилсан, стратегийн хувьд тогтвортой, бүтээлч харилцааг тууштай баримталж байгааг Рубио, Ван И хоёр дахин баталжээ. Утсан яриа Хятадын талын санаачилгаар болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард Шэньжэньд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад, Хятадын дарга Ши Жиньпин арванхоёрдугаар сард Майамид болох Их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох асуудлыг ч хоёр сайд хэлэлцжээ.
Лхагва гарагт болсон утсан ярианы талаар өмнө нь Хятадын Global Times сонин мэдээлсэн юм. “Ван И Хятад АНУ-тай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохистой шийдвэрлэх, эмзэг асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгааг онцолсон” гэж уг сонинд бичжээ.



