НАТО Оростой дайн хийхээс зайлсхийх боломжтой гэж Европ дахь НАТО-гийн дээд командлагч мэдэгдэв
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте холбоотнуудыг цэргийн зардлаа нэмэгдүүлэхэд Эстонийн жишээг дагахыг уриалжээ.

НАТО, Оросын хооронд дайн гарах нь зайлшгүй биш гэж Европ дахь НАТО-гийн хүчний дээд командлагч Алексус Гринкевич мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин Латвийн ЛСМ порталыг иш татан мэдээлэв.
Генерал их хэмжээний түгшүүр дэгдээх шаардлагагүй гэж үзэж байгаа ч тогтвортой, ажиллахад бэлэн байх ёстой гэжээ.
«Би мөргөлдөөнийг зайлшгүй гэж үзэхгүй байна» гэж Гринкевич хэлжээ. Тэрбээр энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байнга хэлдэг «хүчээр дамжих энх тайван» зарчим бөгөөд хүчтэй байж, мөргөлдөөнд бэлтгэснээр түүнийг хэзээ ч гаргахгүй байж болно гэж тайлбарласан байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Эстонид айлчлах үеэрээ Таллинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр НАТО Оросоос шууд довтолгоо хийх аюулыг харахгүй байгаа ч холбоо болзошгүй сөргөлдөөнд бэлтгэсээр байх ёстой гэжээ. Тэрбээр холбоотнуудад цэргийн зардлаа нэмэгдүүлэхдээ Эстонийг жишээ болгож, зэвсэг үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг санал болгожээ.
Блүүмберг агентлаг 10 дугаар сарын 5-нд Гринкевич Орос холбооны зүүн жигүүр рүү довтолж болзошгүй гэх тохиолдолд хурдан ялалт байгуулах стратеги боловсруулж байгаа гэж бичсэн юм. Политико сонин 8 дугаар сард НАТО Орос, Беларусийн хилийн дагуу хиймэл оюун ухаанаар холбогдсон олон мянган дрон, мэдрэгч, хиймэл дагуулын нэгдсэн систем байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 1-нд Москва ойрын болон алс ирээдүйд бусад улс руу довтлох бодолгүй гэж мэдэгдсэн юм.



