Нигерийн мөрдөн шалгах товчоо хувийн онгоцны хаалга нислэгийн үеэр салсан хэргийн урьдчилсан тайланг гаргажээ
Онгоцонд байсан есөн хүн бүгд гэмтэлгүй буусан бол онгоц өөрөө ноцтой эвдрэл авчээ.

Triton Aviation Limited компанийн хувийн тийрэлтэт онгоцны хаалга өнгөрсөн сард нислэгийн үеэр салж унасныг Нигерийн Аюулгүй байдлын мөрдөн шалгах товчоо (NSIB) мэдээлжээ. Ахмад нисгэгчийн зааврын дагуу онгоцны эмэгтэй үйлчлэгч хаалгыг шалгахаар ойртох үед ийнхүү салсан байна.
Энэ явдал аравдугаар сарын 15-нд Абужагаас Лагос руу DWC052 нислэг үйлдэж байсан T7-SEI бүртгэлийн дугаартай Bombardier Challenger 604 онгоцонд гарсан юм.
Пүрэв гарагт нийтэлсэн урьдчилсан тайланд дурдсанаар, онгоц өндөрт гарч эхлэх үед бүхээгийн даралтын өндөр ер бусын хурдан нэмэгдэж байгааг нисэх баг анзаарч, даралтын асуудал гарсан байж болзошгүй хэмээн болгоомжилжээ.
Ахмад нисгэгч онгоцны үйлчлэгчид гол хаалгыг дахин шалгахыг даалгав. Үйлчлэгч эхлээд суудлаасаа хаалгыг шалгаж, ногоон заагч зурвас нь тэгш байрлалтай, хаалга зөв хаагдсан бололтой гэж хэлжээ.
Гэвч ахмад нисгэгч үйлчлэгчээс босож очоод хаалгыг ойроос шалгахыг хүсчээ. Үйлчлэгч ойртох үед хаалга гэнэт онгойж, онгоцноос салсан гэж тайланд дурдсан байна.
Хаалга салсны дараа ахмад нисгэгч онгоцны удирдлагыг шууд өөртөө авч, туслах нисгэгч нь хяналт тавих үүргийг гүйцэтгэжээ.
Нисэх баг 17:19:20 цагт радиогоор аюулын байдал мэдэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Mayday, Mayday, Mayday” гэсэн ослын дохиог давтан дамжуулж, Абужа руу яаралтай буцахаар болов. Мөн Абужагийн радарын нислэгийн хянагчид онгоцны хаалга онгойсныг мэдэгдсэн байна.
Нисгэгч 17:25:35 цагт ойртолт эхлэх зөвшөөрөл хүсэхэд хянагч онгоц нисэх буудлаас хойд зүгт есөн далайн милийн зайд байгааг хэлж, багажийн буух системээр ойртохыг зөвшөөрчээ.
Онгоц орон нутгийн цагаар 17:34 орчим Абужагийн нисэх буудлын 22 дугаар зурваст аюулгүй газардсан байна. Хоёр нисгэгч, нэг үйлчлэгч, зургаан зорчигч буюу онгоцонд байсан есөн хүн бүгд гэмтэл аваагүй. Гэвч онгоц ноцтой эвдрэл авчээ.
Шалгагчид салсан хаалгыг дараа нь нисэх буудлаас баруун өмнө зүгт таван миль орчим зайд, Абужа хотын захиргааны харьяа Гуи тосгоны эрдэнэ шишийн талбайгаас олжээ.
Урьдчилсан тайлан нь одоогоор тогтоосон баримтыг агуулж байгаа бөгөөд шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийн талаар дүн шинжилгээ, дүгнэлт оруулаагүй гэж товчоо анхааруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ажиллагаа дууссаны дараа эцсийн тайлан гарах төлөвтэй.



