Ниссан Хятадад боловсруулсан машиныхаа экспортыг нэмэгдүүлж, Хятадын өрсөлдөгчидтэй тэмцэнэ
Хятадын зах зээлд эрэлт суларсан тул Ниссан жилийн борлуулалтын таамгаа сүүлийн хэдэн сард хоёр дахь удаагаа бууруулжээ.

Японы Ниссан Мотор компани дэлхий даяар Хятадын өрсөлдөгчидтэй өрсөлдөхийн тулд Хятадад боловсруулсан тээврийн хэрэгслийнхээ экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг гүйцэтгэх захирал Иван Эспиноса Лхагва гарагт Си Эн Би Си телевизэд хэлжээ.
Эспиносагийн хэлснээр, Ниссан Хятадад боловсруулсан машины экспортоо 2 загвараас 5 болгон хурдан нэмэгдүүлж, ойрын хугацаанд 12 бүс нутгийн зах зээлд чиглүүлэх юм. “Бид эдгээр түрэмгий өрсөлдөгчдөөс тэдэнтэй яг адилхан хурд, зардал, сайн технологиор өөрсдийгөө хамгаалж чадна” гэж тэрбээр хэлжээ.
Хятадын зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, цахилгаан машин руу шилжих нь хурдассан тул Ниссан 2027 оны 3 дугаар сард дуусах санхүүгийн жилийн дэлхийн борлуулалтын таамгаа өмнөх 3.15 саяас 2.97 саяас 3 сая машин болгон бууруулжээ. 8 дугаар сард компани таамгаа 3.3 сая машинаас 3.15 сая болгож бууруулж байсан юм.
Ниссаны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг 96 хувиар унаж, 2.1 тэрбум иенд (13 сая ам.доллар) хүрсэн нь шинжээчдийн хүлээж байсан 54.9 тэрбум иенээс хамаагүй доогуур байна. Цэвэр орлого 8.2 хувиар өсч, 3.1 их наяд иен болжээ.
Компанийн хувьцаа оны эхнээс 29 хувиар унасан байна.
10 дугаар сард Вольво Карс компани Хятад, АНУ-ын хүнд нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааны алдагдалд орсноо мэдээлсний дараа хувьцаа нь огцом унасан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Хокан Самуэльссон Европт боловсруулсан дэлхийн загвар Хятадад үр дүнгээ өгөхгүй болсныг хэлж байжээ.
2025 оны 4 дүгээр сараас компанийг удирдаж буй Эспиноса дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа багасгаж, ажиллах хүчээ 15 хувиар цөөлөх шинэчлэлийн төлөвлөгөөний явцыг онцолжээ. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дотор компани 365 тэрбум иен хэмнэсэн байна.

