Спэйс Икс компанийн ажилтнууд удирддаг Техасын хотоос тус компани татварын хөнгөлөлт хүсчээ
Хотын дарга болон комиссын нэг гишүүн Спэйс Икс-д удирдах албан тушаал хашдаг тул ашиг сонирхлын асуулт гарч байна.

Илон Маскийн Спэйс Икс компани Техас мужийн Старбейс хотод барихаар төлөвлөж буй 24 тэрбум ам.долларын өгөгдлийн төв, цахилгаан станцдаа үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлт хүсчээ. Хотын бүртгэлээс харахад, хүсэлтийг хэлэлцэх комиссын гурван гишүүний хоёр нь тус компанийн ажилтан юм. Энэ тухай Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
Хотын сонсголын мэдэгдэлд хийн цахилгаан станц, супер тооцоолох байгууламж гэж тодорхойлсон төслийн эхний шатанд компани 24 тэрбум орчим ам.доллар хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. 444 орчим акр талбай Камерон тойргийн аж ахуйн бүсэд багтдаг тул Техасын хуулиар татварын хөнгөлөлт авах эрхтэй юм.
Хотын дарга Роберт Педен Спэйс Икс-ийн Техас дахь туршилт, хөөргөлтийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд 2013 оноос тус компанид ажиллаж байгаа юм. Комиссын гишүүн Жордан Басс мөн компанийн байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын ахлах захирал юм.
Комиссын гурав дахь гишүүн Лоис Уоллес Спэйс Икс-д ажилладаггүй, эм зүйн компанид алсаас эмнэлзүйн туршилт хийдэг юм.
Хотын мэдэгдэлд татварын хөнгөлөлтийн хэмжээ, хугацааг заагаагүй байна. Сонсгол 12 дугаар сарын 9-ний оройн 7 цагт Старбейс хотод болох юм.
Энэ хүсэлт 2014 онд Камерон тойрог тус компанид үйл ажиллагаа явуулахыг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлсэн гэрээний дараа гарч байгаа юм. Тойргийн мэдээлснээр, 2024 он гэхэд компани Старбейст дэд бүтцэд 3 тэрбум гаруй ам.доллар хөрөнгө оруулж, 3,400 гаруй хүн ажиллуулжээ. Гэхдээ эдгээр тоог компани өөрөө тойрогт өгсөн юм.

