Улс төр

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Хонконг, Макаогийн хүнд ялуудад санаа зовж буйгаа илэрхийлжээ

Хятадын Гадаад хэргийн яамны Макао дахь төлөөлөгчийн газар олон улсын шүүмжлэлийг эрс эсэргүүцэж байна.

RFI (хятад хэл)1 мин унших

Зураг: RFI (хятад хэл)

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Хонконг, Макаод үндэсний аюулгүй байдлын хуулиар хүнд ял оногдуулж байгаад гүнээ санаа зовж буйгаа баасан гарагт олон нийтийн сүлжээнд мэдэгдсэнийг Эр Эф Ай радио мэдээлжээ.

Ардчиллын идэвхтэн Жошуа Вонг Хонконгт хоёр дахь хүнд ялаа авснаар үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлсний төлөө нийт 16 жил хоригдох болсныг тус газар онцолжээ. Вонг гадаадын хүчинтэй хуйвалдсан хэргээ есдүгээр сард хүлээн зөвшөөрч, пүрэв гарагт 10 жилийн хорих ял авсан.

Макаод үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжсэнээс хойших анхны мэдэгдэж буй хэрэгт хууль тогтоох зөвлөлийн гишүүн асан Ау Кам Сан хаалттай шүүх хурлаар 12.5 жил буюу 12 жил 6 сарын хорих ял авчээ. Тэрбээр өөрийн сонгосон өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн юм.

«Хонконг, Макао болон Хятадын бусад газарт үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр гаргасан ял, шийтгэлийг олон улсын хүний эрхийн үүргийн дагуу нягт хянах ёстой» гэж дээд комиссар Фолькер Тюрк дахин уриалсан байна.

Европын холбооны Гадаад үйл ажиллагааны алба ЕХ-ны иргэн Ау Кам Санд ял оноосонд харамсаж буйгаа илэрхийлж, энэ нь Макаод улс төрийн олон ургальч үзэл, үг хэлэх эрх чөлөө суларч байгааг баталж байна гэж мэдэгджээ.

Бямба гарагт Хятадын Гадаад хэргийн яамны Макао дахь төлөөлөгчийн газар шүүхийн шийдвэрийг эрс дэмжиж, ЕХ, НҮБ болон бусад байгууллагын шүүмжлэлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох явдал гэж эсэргүүцсэн.

69 настай Ау Кам Сан Макаогийн хууль тогтоох зөвлөлд 20 жил ажилласан, ардчилсан хүчний нэрт төлөөлөгч юм.

Бусад мэдээ