Нвидиа дата төвийн үйлчлүүлэгчдээсээ Хятадын бизнесээ багасгахыг шаарджээ
Шинэ шаардлага Хятадын технологийн компаниудад Америкийн чипийг гадаадад түрээслэх замыг хумьж байна.

Нвидиа компани үүлэн тооцооллын үйлчлүүлэгчдээсээ үйлчилгээнийхээ дор хаяж 51 хувийг Хятадын бус компанид зарахыг шаарджээ гэж Эр Эф Ай радио Файнэншл Таймс сониныг иш татан мэдээлэв.
Сонин нөхцөл байдлыг мэдэх таван хүний үгийг иш татжээ. Тэдний хэлснээр, зааварчилгааг бичгээр биш, аман хэлбэрээр борлуулалтын ажилтнууд, бүсийн багууд дамжуулж байгаа аж.
Хоёр эх сурвалжийн хэлснээр, шаардлага Азийн дата төвөөр хязгаарлагдахгүй, дэлхий даяарх үйлчлүүлэгчдэд хамаарна. Гэхдээ зөвхөн цаашид байгуулах гэрээнд үйлчилж, одоо хүчинтэй түрээсийн гэрээнд нөлөөлөхгүй юм.
Нвидиа энэ шаардлагыг энэ зун нэвтрүүлсэн нь Хятадтай харилцах бодлогынх нь талаарх АНУ-ын хууль тогтоогчдын шүүмжлэлийг зөөлрүүлэх урьдчилсан алхам гэж хоёр эх сурвалж хэлжээ.
Сингапурт төвтэй нэг групп үүлэн тооцооллын компаниуд шинэ журмыг дагах гэж хичээж байгаа ч АНУ-аас гадна Хятадын бус үйлчлүүлэгч хангалттай олоход хэцүү гэж мэдэгдсэн байна.
«Америкийн чип дээр суурилсан дата төв, үүлэн үйлчилгээ бол Америкийн загвар, программ хөгжүүлэгчид дэлхийд өрсөлдөх чадвартай байх үндэс суурь юм» гэж Нвидиа мэдэгджээ.
Хятадад чипийн хомсдол хурцаджээ. Файнэншл Таймсын эх сурвалжийн хэлснээр, гадаадад 600 мянган ам.долларын орчим үнэтэй Нвидиагийн чипийн нэг тавиур өнгөрсөн сард Хятадад 18.5 сая юанаар (2.8 сая ам.доллар) зарагджээ. АНУ-ын экспортын хяналтын улмаас энэ чипийг Хятадад худалдах боломжгүй юм.
Нвидиа энэ онд хиймэл оюуны чипийг нь худалдан авах эрхтэй Азийн үйлчлүүлэгчдийн тоог талаас илүү хувиар цөөлж, нарийвчилсан шалгалтад тэнцсэн компаниудын цагаан жагсаалт гаргасан байна.