Өмнөд Солонгос, Туркийн археологчид эллинизмын үеийн шигтгээ чимэглэлийн үлдэгдэл илрүүлжээ
Кюлтепе дурсгалт газарт 1948 оноос хойш малтлага хийж байгаа ч эллинизмын үеийн шигтгээ шал анх удаа олджээ.

Өмнөд Солонгос, Туркийн хамтарсан малтлагын баг Туркийн төв хэсэгт орших Кюлтепе археологийн дурсгалт газраас барилгын шалны хэсэг байсан гэж үзэж буй эллинизмын үеийн шигтгээ чимэглэлийн үлдэгдэл илрүүлжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Өмнөд Солонгосын Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэн, Туркийн Соёл, аялал жуулчлалын яам, Анкарагийн их сургуулийн судлаачид пүрэв гарагт нээлтээ зарласан байна. Уг шалыг МЭӨ 323-30 оны эллинизмын үед барьсан гэж үзэж байна.
Кайсери хотоос зүүн хойш 20 орчим километрт орших Кюлтепе бол МЭӨ 3000 оны орчмоос Ромын үе хүртэл цэцэглэн хөгжиж байсан эртний хотын туурь юм. Хоёр жил орчим хамтран ажилласны үр дүнд олсон хэсэг нь зүүнээс баруун тийш 163, хойноос урагш 165 сантиметр хэмжээтэй аж.
«Орчны нөхцөл байдлыг харгалзан үзвэл шигтгээ чимэглэлийн анхны хэмжээ урт, өргөнөөрөө 250 сантиметрээс давж байсан гэж тооцоолж байна» гэж малтлагад оролцсон хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ким Дэ Ён хэлжээ.
Судлаачид шигтгээ шалны хамт эллинизмын үеийн өөр өөр цаг үед хамаарах соёлын дөрвөн давхарга илрүүлсэн байна. Хоёр орон ирэх оны тавдугаар сараас долдугаар сар хүртэл малтлагаа үргэлжлүүлж, барилга хэзээ баригдсан болон олдсон үхэр, хонь, зэрлэг гахайн ясыг судлахаар төлөвлөжээ.
Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх оны наймдугаар сарын орчим Кюлтепе дурсгалт газрын тухай тусгай үзэсгэлэн хамтран зохион байгуулахаар тохиролцсон байна. Үзэсгэлэнд эртний Анатолийн худалдаа, өдөр тутмын амьдралыг харуулсан шавар хавтан зэрэг ховор олдворууд дэлгэгдэх юм.



