Хёндэ Мотор АНУ-ын Алабама дахь үйлдвэрээ өргөтгөхөд 450 сая ам.доллар зарцуулна
Алабамагийн үйлдвэрийн өргөтгөл Хёндэ Мотор группийн 2025-2028 онд АНУ-д оруулахаар амласан 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм.

Хёндэ Мотор компанийн АНУ дахь үйлдвэрлэлийн охин компани Алабама дахь үйлдвэрээ өргөтгөж, ирээдүйн автомашины үйлдвэрлэлд бэлтгэхэд ойролцоогоор 450 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөөгөө зарлажээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Хёндэ Мотор Мэньюфэкчеринг Алабама компани лхагва гарагт Алабама мужийн Монтгомери хот дахь үйлдвэртээ энэ төлөвлөгөөг зарласан байна.
Хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөж, эрлийз болон алслалын зайг нэмэгдүүлсэн цахилгаан автомашинд зориулсан хүчний нэгжийн нэмэлт хувилбаруудыг үйлдвэрлэх юм. Мөн 2026 оны эцэс гэхэд үйлдвэрлэж эхлэх цоо шинэ Тусон, шинэчилсэн Санта Фе зэрэг шинэ загваруудад зориулж үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилнэ.
«Эдгээр хөрөнгө оруулалт бидний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, ирээдүйн автомашины үйлдвэрлэлийг дэмжин, манай үйлдвэрийг олон жилийн турш Хёндэгийн Хойд Америк дахь үйлдвэрлэлийн тулгуур хэвээр байлгах болно» гэж компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Марк Рэйдер хэлжээ.
Шинэ хөрөнгө оруулалтын дүнд 2005 онд үйлдвэрлэл эхэлснээс хойш тус үйлдвэрт оруулсан нийт хөрөнгө оруулалт бараг 2.2 тэрбум ам.долларт хүрэх юм. Өмнөд Солонгосын АНУ дахь Элчин сайд Кан Гён Хва энэ хөрөнгө оруулалтыг хоёр орны холбоотны харилцааны бодит хэрэгжилтийн «гайхалтай жишээ» гэж сайшаажээ.



