Технологи

Самсунг Электроникс хиймэл оюун ухааны чипийн эрэлтийн ачаар гуравдугаар улиралд дээд амжилтын ашиг олжээ

Компани улирлын үйл ажиллагааны ашиг 100 их наяд воноос давсан дэлхийн анхны технологийн компани боллоо.

Yonhap News AgencyKim Han-joo1 мин унших

Зураг: Yonhap News Agency

Хиймэл оюун ухаантай холбоотой хагас дамжуулагчийн эрэлт өндөр байгаа нь Самсунг Электроникс компанийн гуравдугаар улирлын цэвэр ашгийг өмнөх оны мөн үеэс 514.6 хувиар өсгөжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.

Дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгчийн зохицуулагч байгууллагад өгсөн мэдээллээр долдугаар сараас есдүгээр сарын цэвэр ашиг өмнөх оны 12.22 их наяд воноос 75.13 их наяд вон буюу 56.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үйл ажиллагааны ашиг жилийн дүнгээр 783.1 хувиар өсч 107.44 их наяд вонд хүрсэн бол орлого 126.9 хувиар нэмэгдэж 195.25 их наяд вон болжээ.

Хагас дамжуулагчийн салбар 106.5 их наяд воны үйл ажиллагааны ашиг олсон нь компанийн нийт үйл ажиллагааны ашгийн 99.1 хувийг бүрдүүлжээ. Самсунг зургаа дахь үеийн өндөр зурвасын санах ойн чипийн борлуулалтаа нэмэгдүүлж, хиймэл оюун ухааны серверийн эрэлтэд идэвхтэй хариу үйлдэл үзүүлсэн аж.

Компани 2025 оны дөрөвдүгээр улирлаас хойш дараалан улирал бүр орлого, үйл ажиллагааны ашгийн дээд амжилт тогтоож байна. Харин хэрэглээний электроник, гар утасны салбар 800 тэрбум воны үйл ажиллагааны алдагдал хүлээж, хоёр дахь улирал дараалан алдагдалтай ажилласан байна.

Хиймэл оюун ухааны зах зээлийн урт хугацааны ашигт байдлын талаар салбарт санаа зовнил байгаа ч Самсунг 2027 онд хагас дамжуулагчийн салбар хүчтэй хэвээр байна гэж хүлээж байна. Компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт дээд түвшинд үргэлжилж, нийлүүлэлт хязгаарлагдмал байгааг үүний шалтгаан гэж үзжээ.

Бусад мэдээ