Орос гадаадаас оруулж ирээд бүртгүүлээгүй ухаалаг утсыг холбооноос салгахыг санал болгожээ
Шинэ журам 2027 оны дөрөвдүгээр сараас өмнө Оросын сүлжээнд ажиллаж байсан утсанд хамаарахгүй аж.
ОХУ-ын Дижитал хөгжлийн яам 2027 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадаас авчирсан ухаалаг утсыг эзэмшигч нь хоёр долоо хоногийн дотор төхөөрөмжийн өвөрмөц дугаараар бүртгүүлээгүй бол холбооноос салгахыг санал болгожээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв.
Төхөөрөмжийн өвөрмөц дугаар нь гар утас бүрт үйлдвэрлэх үед олгодог 15 оронтой давтагдашгүй дугаар юм.
Санаачилга нь хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулж гадаадаас авчирсан ухаалаг утсанд хамаарна. «Төрийн үйлчилгээний цахим системээр хоёр долоо хоногийн дотор бүртгүүлж болно. Тогтоосон хугацаа дууссаны дараа бүртгүүлэхээс татгалзвал ийм төхөөрөмжид сүлжээгээр үйлчлэхгүй» гэж яамнаас мэдэгджээ.
Яам энэ арга хэмжээг дахин худалдахын тулд Орос руу ухаалаг утсыг ширхэгээр нь оруулж ирдэг хүмүүстэй тэмцэх зорилготой гэж тайлбарласан байна.
Төрийн Дум зургадугаар сард залилантай тэмцэх арга хэмжээний хоёр дахь багцыг баталсан юм. Энэ багцаар хулгайлагдсан эсвэл Орос руу хууль бусаар оруулсан утасны «хар жагсаалт» бүхий төхөөрөмжийн дугаарын нэгдсэн мэдээллийн сан байгуулахаар заажээ.



