Орос Хар тэнгис дэх халдлагын улмаас Хойд мөсөн далайгаар үр тариа илгээж туршиж байна
Өөр замууд өмнөд боомтуудыг орлож чадахгүй гэж салбарынхан анхааруулж байна.
Хар тэнгисээр тээвэрлэх уламжлалт зам Украины халдлагын улмаас бараг хаагдсан тул Орос Хойд мөсөн далайн Мурманск боомтоор үр тариа экспортлох боломжийг туршиж байна гэж Файнэншл Таймс сониныг иш татан Медуза сайт мэдээлжээ.
Мурманскийн далайн худалдааны боомт аравдугаар сарын 30-нд Хойд Африкийн орнууд руу илгээх 29.5 мянган тонн үр тарианы туршилтын багц бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь боомтын түүхэн дэх анхны үр тарианы тээвэрлэлт юм.
Москва мөн Балтийн тэнгисийн боомтоор үр тариа экспортолж байгаа ч ийм ложистик Азов-Хар тэнгисийн сав газраар тээвэрлэхээс хамаагүй үнэтэй гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский хэлжээ.
Зарим хөлөг онгоц Азовын тэнгисээс Дон мөрнөөр өгсөж, Волга-Доны сувгаар Каспийн тэнгис рүү, улмаар Ираны худалдан авагчид руу зорьж байгаа юм.
Злочевскийн тооцоогоор оны эцэс гэхэд Балтийн терминалууд Хар, Азовын тэнгисээр алдсан тээврийн хэмжээний талаас илүүгүйг нөхөж чадна.

