Орос цахим визний хугацааг 45 хоног болгож сунгахыг санал болгожээ
Төсөл батлагдвал бүх хилийн боомтоор нэвтрэх боломжтой болно.

ОХУ-ын Гадаад хэргийн яам гадаадын иргэд цахим визээр оршин суух дээд хугацааг 30-аас 45 хоног болгох хуулийн төсөл боловсруулсныг Интерфакс мэдээлжээ.
Одоогоор цахим виз 120 хоногийн хүчинтэй хугацаатай бөгөөд оршин суух хугацаа нь 30 хоног хүртэл байдаг. Зөвхөн тусгайлан тоноглосон зарим боомтоор нэвтэрч болдог аж.
Төслөөр цахим визний хүчинтэй хугацаа, оршин суух хугацааны ялгааг арилгаж, олон улсын зорчигч тээврийн бүх боомтыг нээх юм.
Зорчих зорилгод Оросоор дамжин өнгөрөх боломжийг нэмэхээр мөн санал болгожээ. Одоогоор цахим визийг аялал жуулчлал, бизнес, зочлох, арга хэмжээнд оролцох зорилгоор олгодог юм.



