Оросын 27 бүс нутагт дархлал хомсдлын вирус эрсдэлт бүлгээс гадуур тархжээ
Эмнэлгийн байгууллагад вирусийн халдвар авах тохиолдол сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрч, ХДХВ-тэй амьдарч буй хүний тоо өссөөр байна.

Оросын 27 бүс нутагт ХДХВ-ийн халдвар зөвхөн эрсдэлт бүлгүүдэд бус, нийт хүн амын дунд тархсан ерөнхий тархалтын шатанд хүрснийг Роспотребнадзорын Тархвар судлалын төв хүрээлэн мэдээлсэн гэж Евроньюс телевиз бичжээ.
Эдгээр бүс нутагт жирэмсэн эмэгтэйчүүдийн 1 гаруй хувьд ХДХВ илэрдэг бөгөөд Кемерово, Иркутск, Свердловск мужид байдал хамгийн хүнд байна.
Орост 2025 онд ХДХВ-ийн 45 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2024 оныхоос 13.4 хувиар бага ч эмнэлгийн байгууллагад ХДХВ, элэгний үрэвслийн халдвар авсан тохиолдол сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрчээ.
2025 онд эрүүл мэндийн байгууллагуудад халдварын найман голомт илэрч, 104 өвчтөн халдвар авсан байна. Кабардин-Балкарийн нэгэн сувиллын газарт 82 хүн халдвар авсан нь сүүлийн хоёр жилийн хамгийн том голомтын нэг болжээ.
Мэргэжилтнүүд нэг удаагийн катетер, глюкометрийг хэд хэдэн өвчтөнд ашиглах зэрэг ариун цэвэр, халдвар хамгааллын дүрэм зөрчсөнийг халдварын гол шалтгаан гэж үзэж байна.
Роспотребнадзорын мэдээлснээр Орост ХДХВ-ийн оношлогдсон 1.232 сая гаруй хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 0.8 хувь юм. Одоогийн арга барилаа өөрчлөхгүй бол 2030 он гэхэд энэ тоо 1.47 саяд хүрч болзошгүй аж.
Хөдөлмөрийн насны оросуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан ХДХВ болсон бөгөөд 40-49 насны эрэгтэйчүүдийн 3 гаруй хувь вирус тээж байна гэж мэргэжилтэн Наталья Ладная хэлжээ.
2025 онд ХДХВ-тэй холбоотой зардал 279 тэрбум рубль болсон гэж тооцоолсон. Харин 2027 оны төсвийн төсөлд шинээр халдвар авсан 30 мянган хүнд л нэмэлт эмийн санхүүжилт тусгажээ.



