Оросын «Амур-СПГ» пуужингийн метан хөдөлгүүрийн загвар галын туршилтад амжилттай тэнцэв
Эхний шатыг нь буцааж ашиглах боломжтой уг пуужин одоогийн «Союз-2» пуужингийн гэр бүлийг орлох юм. Түүний нислэгийн туршилт 2031 онд эхлэхээр төлөвлөжээ.

Эхний шат нь буцаж ирдэг «Амур-СПГ» пуужингийн метан хөдөлгүүрийн загвар галын туршилтад амжилттай тэнцсэнийг ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Денис Мантуров Холбооны зөвлөлд мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
«Эхний шат нь буцаж ирдэг «Амур-СПГ» пуужингийн боловсруулалт үргэлжилж байна. Түүний метан хөдөлгүүрийн загвар галын туршилтад аль хэдийн тэнцлээ» гэж Мантуров хэлэв.
Тэрбээр мөн Казахстантай хамтарсан Байтерек төслийн хүрээнд 4 дүгээр сарын сүүлээр дэлхийн хамгийн хүчтэй шингэн түлшний хөдөлгүүртэй дунд ангиллын «Союз-5» пуужингийн анхны туршилтын хөөргөлт болсныг дурджээ. 10 дугаар сарын 27-нд Роскосмосын ерөнхий захирлын орлогч Борис Глазков энэ хөөргөлт гадаадын олон боломжит захиалагчийг татсан гэж мэдэгдсэн юм.
Роскосмосын мэдээлснээр, «Амур» пуужингийн нислэгийн туршилтыг 2031 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Роскосмосын ерөнхий захирал Дмитрий Баканов 2025 оны 6 дугаар сарын 3-нд эхний шат нь дахин ашиглагддаг анхны «Амур» пуужин 2027 оны эцэс, 2028 оны эхээр бэлэн болно гэж мэдэгдэж байв.
«Амур-СПГ» сансрын пуужингийн цогцолборыг Восточный сансрын буудалд бүтээж байгаа бөгөөд пуужингийн эхний шатыг удирдлагатайгаар буулгаж, сансрын төхөөрөмж хөөргөхөд дахин ашиглах боломжтойгоор зохион бүтээх ёстой. Мэдээллээр, буцаж ирдэг эхний шатыг 50 хүртэл удаа ашиглах боломжтой бөгөөд «Амур-СПГ» одоогийн «Союз-2» пуужингийн гэр бүлийг орлох юм.



