Дэлхий

Оросын армиас оргох нь гадаад цэргүүдэд аюултай сонголт болж байна

Цэргийн гэрээ байгуулсан пакистан оюутны түүх бусад гадаад цэрэгтэй төстэй юм.

The Moscow Times2 мин унших

Зураг: The Moscow Times

Оросын арми гадаадын цэргүүдэд улам түшиглэх болсон ч тэдний зарим нь оргож, төрөлх нутагтаа ч тусламж авч чадахгүй байна гэж Москоу Таймс сонин мэдээлэв.

«Гэрээнд гарын үсэг зурахдаа ийм зүйл болно гэж мэдээгүй» гэж аюулгүй байдлын үүднээс Питер гэсэн хуурамч нэр ашигласан 24 настай пакистан эр хэлжээ.

Тэрбээр 2020 онд Краснодарт анагаах ухаанд суралцахаар ирсэн ч гэр бүл нь мөнгө явуулж чадахгүй болсон байна. Нэг жил алба хааж, эмнэлэгт ажиллаж, иргэншил авна гэж найз нь хэлсэн бөгөөд дайнд явах тухай яриагүй гэж тэрбээр ярьжээ.

Гэрээ байгуулсны дараа түүнийг Донецк рүү явуулж, шархадсан хүмүүсийг зөөлгөсөн аж. Эхний долоо хоногийн эцэст ангийн 80 хувь нь амь үрэгдсэн гэж Питер хэлсэн байна. 2024 оны намар дэлбэрэлтэд хөл нь шархдаж, нийт найман удаа мэс засал хийлгэжээ.

12 сарын гэрээ нь дууссан ч түүнийг дахин фронт руу явуулахаар болсон байна. Гарахыг хүсэхэд нэг командлагч нь 400 мянган рубль (5 мянган ам.доллар) нэхсэн гэж тэрбээр хэлжээ.

Тэрбээр Идите Лесом байгууллагын зөвлөгөөгөөр эмчид үзүүлэх нэрээр ангиасаа зугтаж, Москвагаас Беларусь руу гарсан юм. «Хэрэв айвал тэд ойлгож, бичиг баримтыг чинь шалгана» гэж Питер хэлсэн байна.

Оргосон цэргүүдийн тоо 50 мянга хүрч магадгүй гэж НҮБ өнгөрсөн жил тооцоолжээ. Баригдвал 10 жил хүртэл ял хүлээнэ. Гадаадын цэргүүд 27 мянга хүрч болох бөгөөд хөлсний цэргийн хуулийн улмаас эх орондоо ч гэмт хэрэгтэн болж болохыг байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Иван Чувиляев тайлбарласан аж.

Байгууллагад гадаадын иргэдээс 30-40 хүсэлт ирснээс дөрөвний нэг нь зөвхөн 8 дугаар сард иржээ. Питер одоо Оросоос гадна жижиглэн худалдаанд ажиллаж, Оросын шинэ паспорт авахыг хичээж байна. Пакистаны Гадаад хэргийн яам сониноос тайлбар хүссэнд хариу өгөөгүй юм.

Бусад мэдээ