Дэлхий

Оросын Дээд шүүх тусгай цэргийн ажиллагааны оролцогчдын гэр бүлд олгох баталгааг тодотгожээ

Дээд шүүх цэргийн албанд татахаас чөлөөлөх, газар олгох, хөнгөлөлт эдлүүлэх, оршуулгын зардал нөхөх асуудлаар доод шатны шүүхүүдэд тайлбар өгчээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

ОХУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчид хуралдаанаараа тусгай цэргийн ажиллагаанд оролцогчдын гэр бүлийн гишүүдэд нийгмийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой, шүүхүүдэд тулгамдаж буй асуудлыг тайлбарласныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Дээд шүүхийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Тэргүүлэгчид амь үрэгдсэн оролцогчдын гэр бүлд баталгаа олгох жишээ болгон нэгэн хэргийг дурджээ. Дайчилгаагаар алба хааж, тусгай цэргийн ажиллагааны үүрэг гүйцэтгэх үедээ амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын хөвгүүд болон төрсөн ах, дүүсийг цэргийн албанд татахаас чөлөөлөх ёстой гэж шүүх уг хэрэгт тайлбарласан байна.

Дээд шүүхийн тоймд мөн байлдааны ажиллагааны ахмад дайчдад газар нэн тэргүүнд түрээслүүлэх, тэдэнд татварын болон бусад хөнгөлөлт тогтоох асуудлыг тайлбарлажээ.

Тухайлбал, тусгай цэргийн ажиллагааны оролцогч амь үрэгдэх үедээ алба хааж байсан газартаа бүртгэлтэй байсан ч энэ нь түүний хамаатан саданд уг цэргийн албан хаагчийн өмнө нь амьдарч байсан газарт газар өмчлүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж тоймд заасан байна.

ОХУ-ын бүс нутгуудын нутаг дэвсгэр дэх цэргийн булшийг улсын бүртгэлд хамруулах нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг гэж Дээд шүүх тэмдэглэжээ. Амь үрэгдсэн цэргийн албан хаагчийг оршуулах зардлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны хөрөнгөөр нөхөн олгодог.

Бусад мэдээ