Оросын дизель түлштэй сүүлчийн танкер АНУ-ын эргийн ойролцоо буцаж эргэжээ
Трамп, Путин 10 дугаар сарын эхээр Оросын дизель түлшийг Америкийн зах зээлд нийлүүлэхээр тохиролцсон юм.
Оросын дизель түлш тээвэрлэж АНУ руу явж байсан сүүлчийн танкер Нью-Йоркоос 740 орчим километрийн зайд буцаж эргэснийг Медуза сайт мэдээлжээ.
40 мянган тонн түлштэй танкер 10 дугаар сарын 22-нд Приморск боомтоос гарч, 11 дүгээр сарын 7 гэхэд Нью-Йоркт хүрэх ёстой байсан ч замдаа очих газраа заавар хүлээж байна гэж өөрчилжээ.
Хөлөг онгоцны хөдөлгөөн хянах үйлчилгээний мэдээг иш татан Блүүмберг агентлагийн мэдээлснээр танкер 11 дүгээр сарын 9-нөөс АНУ-ын зүүн эргээс аажмаар холдож эхэлсэн байна.
АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээнд өртсөн Оросын дизелийн гүйлгээг түр зөвшөөрсөн бөгөөд хэлэлцээр нь дунд хугацааны сонгуулийн өмнө түлшний үнийг бууруулах зорилготой байсан. Орос энэ хүрээнд дөрвөн танкер илгээжээ.
Сонгуульд Ардчилсан нам ялсны дараа 11 дүгээр сарын 5-нд хоёр танкер чиглэлээ өөрчилсөн нь мэдэгдэж, өөр нэг нь 11 дүгээр сарын 7-ны байдлаар Их Британийн эргийн ойролцоо байсан аж.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков танкеруудын маршрут Америкийн сонгуультай холбоогүй гэж мэдэгдэж байсан юм.


