Оросын эрдэмтэд Антарктидад 1.5 сая орчим жилийн настай мөс олборлохыг оролдоно
Агаар мандлын нүүрсхүчлийн хийн өнөөгийн түвшин сүүлийн нэг сая жилийн үзүүлэлтээс давсан тул эрдэмтэд улам эртний уур амьсгалын мэдээлэл хайж байна.

Оросын эрдэмтэд одоогийн дулаан эрин үетэй ижил үеийг гаригийн өнгөрсөнд олохын тулд уур амьсгалын түүхийн тасралтгүй мэдээлэл агуулсан дэлхийн хамгийн эртний мөсийг Антарктидаас хайхаар болсныг Арктик, Антарктидын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Александр Макаров мэдэгдсэн гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.
Ажлыг 11 дүгээр сард эхэлсэн Оросын 72 дахь Антарктидын экспедицийн хүрээнд Восток станцаас 300 км зайд хийхээр төлөвлөжээ. “Тэнд 1.5 сая орчим жилийн настай, гаригийн хамгийн эртний агаар мандлын мөс олох санаа бий” гэж Макаров хэлжээ. Энэ улиралд 100 метр хүртэл гүн цооног өрөмдөж, ирээдүйд илүү гүн өрөмдөх газрыг олоход туслах дээж авна.
Түүний хэлснээр, эрдэмтэд өмнө нь Восток станцаас 1 сая гаруй жилийн настай мөсний дээж авч байжээ. Гэвч мөсний давхарга эвдэрсний улмаас 420-оос 450 мянган жилийн өмнөх үеэс дохио гажуудсан тул уур амьсгалыг сэргээн босгоход төдийлөн тохиромжгүй аж.
Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн өнөөгийн түвшин өмнөх 800 мянгаас 1 сая жилийн үзүүлэлтээс эрс давж байгаа тул эрдэмтэд гаригийн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг ойлгохын тулд улам эртний үеийг судлах шаардлагатай байна.
Экспедицийн хүрээнд байгаль орчны хяналт, далай судлал, мөсөн гол судлалаас эхлээд геофизик, геологи, бичил биологи, хүний дасан зохицох чадварын судалгаа хүртэл 45 чиглэлээр ажил хийхээр төлөвлөжээ. Экспедицид Оросын 25 эрдэм шинжилгээний байгууллагын 400 гаруй туйл судлаач оролцож байна.
Туйл судлаачдыг тээсэн Академик Фёдоров хөлөг 11 дүгээр сарын эхээр Санкт-Петербургээс Антарктид руу хөдөлсөн бөгөөд 2027 оны 5 дугаар сард буцаж ирэх төлөвтэй байна. Хөлөг жилийн турш ажилладаг Оросын дөрвөн станц, улирлын дөрвөн бааз, Беларусийн экспедицийн станцад очно.


