Дэлхий

Оросын мянга гаруй сургуульд хиймэл оюун ухааны хичээлийг туршиж эхэлжээ

Ирэх хичээлийн жилээс бүх сургуулийн 5-11 дүгээр ангийн сурагчдад уг хичээлийг заахаар төлөвлөж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

ОХУ-ын мянга гаруй сургуулийн 5-11 дүгээр ангид хичээлээс гадуурх сургалт хэлбэрээр хиймэл оюун ухаан ба мэдээллийн аюулгүй байдлын хичээлийг туршиж эхэлснийг ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгдсэн тухай Интерфакс агентлаг мэдээлжээ. Уг хичээлийг ирэх хичээлийн жилийн эхнээс бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Сайд Лхагва гарагт Москвагийн Шуваловын 1448 дугаар сургуульд очиж, Сбербанкны ерөнхийлөгч Герман Греф, Москва хотын дэд дарга Анастасия Раковагийн хамт “Хиймэл оюун ухаан ба түүнтэй хэрхэн аюулгүй харилцах вэ” сэдэвт нээлттэй хичээл заажээ. Кравцов, Греф хоёр 5-7 дугаар ангийн 100 сурагчийн асуултад хариулж, хичээлийн агуулгатай танилцуулсан байна.

Кравцовын хэлснээр, ОХУ-ын тэргүүлэх мэдээллийн технологийн компаниудын оролцоотойгоор сурах бичиг боловсруулж, практик хичээлийн үеэр хиймэл оюун ухааныг аюулгүй ашиглах тусгай платформ бүтээж байна.

“Хиймэл оюун ухаан багшийг орлохгүй байх, та нар бодохоо больчихгүй байх нь энд маш чухал” гэж сайд сурагчдад хэлэв. Хичээлээр хиймэл оюун ухааны давуу тал, эрсдэл хоёрын аль алиныг нь ярина гэж тэрбээр нэмж хэлжээ.

Яамны хэвлэлийн албаны мэдээллээр, хичээл долоо хоногт нэг удаа, Лхагва гарагт болох бөгөөд хуурамч мэдээллийг таних, цахим эрүүл ахуйн дадлыг төлөвшүүлэхэд онцгой анхаарна. Хичээл бүр сэдэвчилсэн видео, практик хэсэг, давтах асуултаас бүрдэнэ.

Туршилт 2026 оны эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багш нар санал, зөвлөмжөө боловсруулагчдад хүргэнэ гэж хэвлэлийн алба Интерфаксад тодруулжээ. Туршилтын сургуулиудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зохицуулагчдыг бүс нутгуудад томилсон байна.

Бусад мэдээ