Оросын сайд асан Михаил Абызовыг залилангийн хэргээр нийт 14 жилийн хорих ялаар шийтгэжээ
Абызов өөрийгөө буруугүй гэж маргасаар байна. Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой.

Москвагийн шүүх Нээлттэй засгийн газрын асуудал хариуцсан Оросын сайд асан Михаил Абызовыг залилангийн хэрэгт буруутай гэж үзэн, нийт 14 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Москвагийн прокурорын газар Лхагва гарагт мэдэгдсэнийг Москоу Таймс сайт мэдээлэв.
54 настай Абызов 2023 онд оноосон 12 жилийн хорих ялаа эдэлж байгаа юм. Тэрбээр Сибирийн эрчим хүчний хоёр компанийг залилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, хууль бусаар бизнес эрхэлж, хээл хахууль өгсөн гэх хэргээр уг ялыг авсан.
Таганскийн дүүргийн шүүх Абызовыг нэр нь дурдагдаагүй нэгэн байгууллагыг залилсан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ хэрэг АНУ-д төвтэй Элион Энержи нарны эрчим хүчний компанид оруулсан өндөр технологийн хөрөнгө оруулалттай холбоотой юм. Хэвлэл мэдээллийнхэн уг байгууллагыг төрийн өмчит Оросын венчур компани гэж мэдээлсэн байна.
Прокурорууд Абызовыг бизнесийн хоёр түнштэйгээ үгсэн хуйвалдаж, Оросын венчур компанийг төөрөгдүүлэн тус компанид үргэлжлүүлэн хөрөнгө оруулуулж, 5 сая ам.доллар завшсан гэж буруутгажээ.
Абызов буруутгалыг үгүйсгэж, бүтэлгүйтсэн төслөөс өөрөө санхүүгийн хохирол хүлээсэн, завшсан гэх үйлдлийн дараа ч Элион Энержид өөрийн мөнгөөр үргэлжлүүлэн хөрөнгө оруулсан гэж мэдүүлсэн байна.
Шүүх өмнөх ялыг нь харгалзан нийт 14 жилийн ял оноож, 80.1 сая рубль торгох, гурван жил төрийн албан тушаал хашихыг хориглох, төрийн шагналыг хураах шийдвэр гаргажээ. Сүүлийн хэрэгт тусад нь хэдэн жилийн ял оноосон нь тодорхойгүй байна.
Хууль сахиулах байгууллагууд залилангийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Абызовыг яллагдагчаар татснаас хойш жил гаруйн дараа энэ шийдвэр гарсан бөгөөд түүнийг давж заалдах боломжтой.

