Оросын Сангийн яам иргэд хоорондын шилжүүлгийг Төв банкаар хянуулахыг санал болголоо
Ямар шинжийг бусад иргэнээс “тогтмол орлого олж буй” гэж үзэхийг тусад нь тогтоохоор төлөвлөж байна.
Дансны гүйлгээ нь бусад иргэнээс “тогтмол орлого олж буй шинжтэй” иргэдийн мэдээллийг Төв банк Холбооны татварын албанд дамжуулдаг байхыг Оросын Сангийн яам санал болгожээ.
“Интерфакс”-ийн мэдээлснээр, Сангийн яам энэ нэмэлт өөрчлөлтийг төсвийн багцад багтсан нэг хуулийн төсөлд хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд санал болгожээ. Төрийн Думын холбогдох хороо үүнийг арваннэгдүгээр сарын 15-нд хэлэлцэхээр төлөвлөж байна.
Төслийн дагуу Төв банк иргэдийн дансны гүйлгээг шинжилж, “бусад иргэнээс орлого олж буй” шинж илэрвэл мэдээллийг татварын албанд дамжуулна. Татварын алба эдгээр иргэний дансны хуулгыг банкнаас шаардах эрхтэй болно.
“Тогтмол орлого олж буй” шинжийг юугаар тодорхойлох, Төв банк мэдээллийг ямар хэлбэрээр, хэр олон удаа дамжуулах журмыг тусад нь тогтоохоор төлөвлөжээ.
Одоогоор татварын байцаагчид хувиараа бизнес эрхлэгч биш иргэний дансны хуулгыг зөвхөн өр барагдуулах шийдвэр гарсан, эсвэл дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэй татварын шалгалт явагдаж буй үед л банкнаас шаардах эрхтэй. Шинэ өөрчлөлтөөр Төв банкнаас мэдээлэл ирсэн тохиолдол нэмэлт үндэслэл болох юм.
Сангийн яам иргэд хоорондын шилжүүлгийн хяналтыг чангатгах өөрчлөлт боловсруулж байгааг Ведомости сонин гуравдугаар сард мэдээлж байсан юм.
Иргэд хоорондын шилжүүлгийг ихэвчлэн “бэлэг” гэж үзэж татвар ногдуулдаггүй ч тэдгээрийн дунд үйлчилгээ, байрны түрээс зэрэг бодит гүйлгээний төлбөр ч байж болох тул шинэчлэл хэрэгтэй гэж Сангийн яам тайлбарлажээ.

